Аюул дагуулсан Алтай констракшнд тооцох хариуцлага хаана гацав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Алтай констракшн ХХК-ийн барьж буй Саруул хотхонд дараалан золгүй явдал гарч, олныг хирдийлгэх болов. Учир нь 2018 оны 22 буюу өнөөдөр Саруул хотхонд барилга дээр ажиллаж байсан хүн 9 давхараас унаж амиа алдсан харамсалтай явдал болов. Тус хэрэг өдөр 12.00 цагийн орчим гарсан бөгөөд ойрхон байсан эх сурвалжууд хохирогчийг 9 давхараас унасан, унаад удаагүй байхад нь уг давхараас барилгын материал бас унаж амийг нь хохирооход хүргэсэн гэдэг мэдээллийг бидэнд өгсөн юм.

Харин албаны эх сурвалжууд “амралтын өдөр” гэсэн шалтгаанаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс зайлсхийлээ. Ямартаа ч Алтай констракшн компани хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас ажиллаж байсан хүн амь насаараа хохирсон нь тодорхой болж байна. Түүнчлэн Алтай констракшн компанийн барьсан Саруул хотхонд өнгөрсөн шөнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө ахуйн газ дэлбэрч 26 настай оршин суугч амиа алдсан харамсалтай хэрэг мөн гарсан юм.

Тус байранд гарсан гал нийт гурван айлыг хамарч, эд хөрөнгөөр хохироогоод барахгүй 60 орчим хүнийг угаартуулж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна. Дашрамд дурдахад өнгөрсөн даваа гарагт буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-нд Саруул хорооллын барилга дээр ажиллаж байсан кран унаж Ардчилсан солонгос улсын иргэн гэмтэж, унасан краны сум Баянмонгол хорооллын баруун жигүүрийн 410 дүгээр байран дээр тулсан ч тогтолгүй унаж зам дээр байрлуулсан машин дээр унаж 20 орчим сая төгрөгийн хохирлыг оршин суугч Б-д учруулсан байна. Унасан краны жолооч нь Ардчилсан Солонгос улсын иргэн байсан бөгөөд хөнгөн гэмтэлтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа бол тухайн краныг дахин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн тухай ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ тухай эргэж мэдээлэх болно…

 

 

 

 

 

+ There are no comments

Add yours