Г.Баасан: АТГ Олон нийтийн зөвлөлийг камерын дор ажиллуулдаг

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо” гэх сэдэвтэй хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хурлын үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ярихдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 38 тоот зарлиг гаргаж 2018-2019 оныг авлигаас татгалзах, авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдүүлэгчийг хамгаалах жил болгож зарласан. Өнөөдөр Монголд авлига, ашиг сонирхлын зөрчил үндэсний аюулгүй байдлын түвшинг алдагдуулахуйц хэмжээнд хүрсэн учраас ийм зарлиг гаргасан.

Ерөнхийлөгч зарлигтаа бүх нийтээрээ авлигын эсрэг тэмцэж, хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж давхар уриалсан. Манай улсад авлигатай тэмцэх хууль бий. Түүнчлэн гэрч хохирогчийг хамгаалах хууль байгаа. Харамсалтай нь энэ хууль хэрэгжээгүй болохоор Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулах хэмжээнд бид ажил явуулсан. Өнөөдрөөс эхлээд Олон нийтийн зөвлөл маань зарлигийг хэрэгжүүлэхийн тулд авлигыг таслан зогсоох ард түмний индэр болж, хошуучлан ажиллахаа Монголын нийт ард түмэнд мэдэгдэж байна.

Бид ард түмний индэр болж ажиллахдаа улс төрийн зорилгоор, хувийн өс хонзонгоор атгаг санаанд ашиглуулахгүй гэдгээ анхааруулж байна. Бид “Төрийн ажлаа хийх нь хий. Түрийвчээ зузаатгах гэсэн нь төрийн ажлаас хурдан холд” гэсэн хатуу зарчим барина.

Аймаг, сум, дүүрэг, баг, хороо, хэсэг, төрийн бүх албан байгууллагуудад авлига авч байгаа, албан тушаалтан дур зоргоороо авирлаж, хууль зөрчиж, дарамт шахалт үзүүлж байгаа бүх үйлдлүүдийг мэдээлэх сайн дурын бүлгэмүүд байгуулагдаж Олон нийтийн зөвлөлтэй хамтарч ажиллахыг уриалж байна. Бид бүлгэмүүдээс ирсэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд мэдээлж байх болно. Өнөөдөр Монгол Улсад авлигыг зогсоох чиглэлийн байгууллагууд ажиллаж байгаа. Бид тэдгээр байгууллагуудыг шахаж шаардаж ажиллана. Иргэд хаана айхгүй үгээ хэлж чадна тэнд авлигал арилна.

Өнөөдрөөс АТГ-т шаардлага хүргүүлж байна. Олон нийтийн зөвлөлийг камерын дор ажиллуулаг. Тиймээс гурван хоногийн дотор камеруудаа авч хаяхыг АТГ-аас шаардаж байна. Гэрч хохирогчийг хамгаалах төсөв 2007 оноос хойш яаж батлагдсан юм бэ. Хэчнээн хүнийг хамгаалсан, хэнийг хамгаалсан бэ гэдэг мэдээллийг АТГ-аас авахыг шаардаж байна. Мөн тагнуул, цагдаа, мөрдөн байцаах газрын дэргэд гэрч хохирогчийг хамгаалах тусгай нэгжүүд ажиллах хуультай. Тиймээс өнөөдрийг хүртэл авлигыг гэрчилсэн, мэдээлсэн хүмүүсийг яаж хамгаалсан талаар мэдээллээ ирүүлэхийг шаардсан албан бичгүүдийг хүргүүлэх гэж байна. Ирсэн хариуг нь олон түмэнд хүргэх болно. Монголчууд бүгд дуу хоолойтой, өөрийн байр сууриа илэрхийлэх эрх нь үндсэн хуульд заасан учраас өнөөдрөөс эхлэн бидэнтэй нэгдэж авлигатай тэмцэхийг уриалж байна.” гэв.

1 Comment

Add yours

+ Leave a Comment