С.Зоригтбаатар: Ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар сайн дураараа огцор

Өнөөдөр “Хөдөлмөрийн үндэсний сан”-гаас шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тус сангаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг нэг тийш нь шийдэхийг шаардсан юм. Мөн тус үйлдвэртэй холбоотой асуудлаар шударга бус шийдвэр гаргадаг шүүгч нар болон  ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нарыг сайн дураараа огцрохыг шаардаж байгаагаа илэрхийлэв.

Энэ талаар “Хөдөлмөрийн үндэсний сан”-гийн тэргүүн С.Зоригтбаатар: “Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлын дуулиан 2016 оны сонгуулиас эхэлж өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 2016 оны сонгуулийн өмнө Ч.Сайханбилэгийн засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” Монголынх боллоо гэсэн мэдэгдэл хийсэн. Гэвч маргааш нь 49 хувийг гаднын компани авлаа гэсэн. Харин нөгөөдөр нь Монгол компани авлаа гэсэн. Улмаар МАН засгийн эрхэнд олонх болон гарч ирснийхээ дараа 49 хувийг төрийн мэдэлд авлаа гэсэн мэдэгдлийг дахин хийсэн. Ийм замаар улс төр, бизнесийн МАНАН бүлэглэл олон жилийн турш “Эрдэнэт” үйлдвэрт бараа материал шахаж ирсэн. Уг бүлэглэл улам томорч өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийг цаашлаад Монгол Улсыг залгихыг санаархаж байна. Тус үйлдвэрийн 49 хувийг хуйвалдааны замаар авахдаа олон улсын гэрээг зөрчиж төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхэд халдсан гэж УИХ үзсэн байдаг. Ийм тогтоол шийдвэр гарсан хэдий ч мафийн бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэрийг ард түмний эрх мэдэлд өгөхгүй байсаар байна. Үүнийг өнгөрсөн хугацаанд гарсан захиргааны хэргийн болон иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээс харж болно. Олон жилийн турш үр өгөөжөө өгсөөр ирсэн саалийн үнээтэй зүйрлэгддэг энэ үйлдвэрийн сүүг нь булаацалддаг байсан бол одоо хаа гуяар нь салгаж авахыг санаархаж байна. Үүнийг шийдвэрлэх шударга шүүхийн тогтолцоо дутагдаж байгаа. Мафийн бүлэглэлийн хууль хяналтын байгууллагад гар хөлөө шургуулж тэд нараараа хүссэн шийдвэрээ гаргадаг болж. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдийн гэсэн шүүгч нартай болсон. Шүүхийн хараат бус байдал улам алдагдаж, ард түмний эсрэг ажилладаг аварга машин болж хувирлаа. Энэ байгууллагад яаралтай шинэчлэл хийх цаг болсон. Тиймээс бид цаг алдалгүй тэмцэх уриалгыг гаргаж байна. Шүүгч нарт хариуцлага тооцъё. 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд 12 цагт ялалтын талбайд цугларахыг уриалж байна. Мөн энэ өдөр бид Улсын дээд шүүхэд очиж шаардлага хүргүүлэхээ мэдэгдэж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар сайн дураараа огцор гэдэг саналыг тавина. Хэрвээ огцрохгүй бол шийдвэрлэж өгөх газрууд болон төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ” гэлээ.

 

+ There are no comments

Add yours