Багш нар тавдугаар сарын 1-нээс хугацаагүй ажил хаяхаа мэдэгдлээ

Өнөөдөр “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях талаар мэдээлэл хийлээ. Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “Багш улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад 30 гаруй сая төгрөгийн цалинтай томоохон уул уурхайн компанийн захирлууд жилд тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авдаг. Төрд хөрөнгө мөнгө байхгүй биш байна. Хамгийн гол нь хэрэгцээтэй бүлэгт хүргэж чадахгүй байгаа юм.

Ялангуяа Монголыг аврах оюунлаг толгой буюу багш нарт хүрэх ёстой мөнгийг хүргэж чадахгүй байна. Үүнээс шалтгаалж боловсролын гажуудал гарч, ирээдүйд улсаа авч явах мэргэжилтэн боловсон хүчнүүд дутуу бэлтгэгддэг. Тиймээс багш нар ажилдаа сэтгэл ханамжтай ажиллаж байж ирээдүйд сайн боловсон хүчнүүд гарах юм.

Ингээд бид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна. Тус шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 20-ны дотор ирүүлэхгүй бол ажил хаяхаа мэдэгдэж байгаа юм. Өмнө нь зохион байгуулсан ажил хаялтуудыг 30, 40 хувийн гарц байна, цалин нэмнэ гэдэг хариултуудаар зогсоож байсан. Гэвч хэсэг цаг хугацааг аргалан өнгөрүүлээд л нам гүм болцгоодог” гэв

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны бичиг хэрэг, нарийн бичгийн ажилтан Н.Цэрэндолгор “Боловсролын байгууллагад 42 мянга 700 багш ажилладаг. Эдгээр багш нарыг хууль эрх зүйгээр хамгаалдаг хүмүүс бол Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага. Иймд бид зайлшгүй хамтарч ажиллах ёстой. Сүүлийн гурван сарын хугацаанд Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон Боловсролын үйлдвэрчний байгууллагыг шахаж ажиллаж байна. Учир нь тус хоёр байгууллага ханцуйн дотроо наймаалцаж Монголын төрийн албан хаагчдын амьдралаар 10 жил тоглолоо.

Цалин нэмж чадахгүй байсаар байна. Ийнхүү шахаж шаардаж байж бид хуулиар хамгаалуулах нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал болон олон улсад бидэнтэй адил ажил мэргэжилтэй хүмүүс дунджаар нэг сая 600 мянган төгрөгийн цалин хөлстэй дүйцхүйц хэмжээний хөдөлмөр эрхэлдэг гэдгийг олж тогтоосон. Иймд бид 2019 онд Монголын багш нарын цалинг энэ хэмжээнд хүргэх төлөвлөгөө гаргасан.

Шинэ оны нэгдүгээр улирал гэхэд цалин дор хаяж 50 хувь нэмэгдсэн байх ёстой. Энэхүү 50 хувийн төлөө тэмцэнэ. Багш нар хүнлэг, энэрэнгүй, хүлээцтэй хандсан. Гэтэл төр биднийг болоод байна, бүтэж байна гэж хараад эцсийн дүндээ бид хохирч байна” хэмээн ярилаа.

+ There are no comments

Add yours