Газар өмчлөлийг хугацаагүй болгохоор ажиллаж байна гэв үү

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байна. Нийслэлийн Газрын албанаас дээрх хуулийн хугацааг сунгах хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт /ГЗБГЗЗГ/ хүргүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байна.

ГЗБГЗЗГ-аас нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгааг харгалзаж, Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх хуулийн заалтыг хугацаагүй болгох тухай хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байгаа юм.

Тиймээс иргэд ирэх сарын 1-нээс газрыг үнээр худалдаж авна гэсэн ташаа мэдээлэлд автан хугацаанд шахагдан дүүргүүдийн Газрын албанд очиж цаг заваа гарздах, ачаалал үүсгэх шаардлагагүй  юм. Дээрх хуулийг гурван удаа сунгасан бөгөөд цаашид хугацаагүй болгохоор хуулийн төсөл боловсруулаад байна.

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох эсэх нь хаврын чуулганаар тодорхой болно гэж Нийслэлийн газрын албанаас мэдээлжээ.

+ There are no comments

Add yours