М.Наранбаатар: Монголын шүүх гадны банкны гар хөл болчихож

Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарсайхан, хуульч, эрх зүйч н.Энхтүвшин, сэтгүүлч М.Наранбаатар нар Шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Хурлын үеэр МҮОНРТ-ийн захирал асан, сэтгүүлч М.Наранбаатар ийн ярив.

Тэрбээр “Шүүхийг сайнтай муутай, захиалгатай талаар ерөнхийдөө манайхан ярьцгаадаг. Гэхдээ арай ч ийм дээрээ тулчихсан байсныг мэдсэнгүй явжээ. Тиймээс та бүхэнд шинэ баримт дэлгэх гэж байна. Хаан банкнаас Монгол Улсын дээд шүүхэд явуулсан бичиг байна.

Энэ бичигт “Хаан банк шүүхийн бүх шатны ажилчдад, уян хатан нөхцөлөөр цалингийн зээл олгох, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд 174 ажилчны нэг хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байна гэх утга бүхий зүйл бичээд сүүлд нь Хаан банктай холбоотой нэгэн маргааныг шударгаар шийдэж өгөхийг хүссэн байх юм. Хаан банкны талд шийдвэр гарвал шударга болох юм байна л даа.

Бид Шүүхийн сайтаас шүүж үзэхэд 2013-2014 оны хооронд ганцхан жилийн хугацаанд Хаан банктай холбоотой 34 хэрэг шүүхээр шийдэгдсэн байхад 100 хувь Хаан банкны талд шийдвэр гарсан байна.

Хаан банк Монголын банк биш. Монголын шүүх дээдсийн, албан тушаалтны, мөнгө төгрөгтэй хүний талд үйлчилдэг юм байх гэж бодож явтал эндүүрчээ. Монголын шүүх гадны гар хөл болсон байна. Хаан банкны үндсэн хувьцааны 41,3 хувийг Японы “Савадо холдинг” гэж компанийн эзэн Савадо эзэмшдэг, Хонконгийн “Эй Жи эс интернэйшнл” компани 13,1 хувийг, Таванбогд компани 22,91 хувийг, Олон улсын санхүүгийн корпораци 9,32 хувийг эзэмшдэг.

Баатарсайхан захиралын гэр бүлийн хүн Хулан 13,32 хувийг эзэмшдэг. Үндсэндээ 60-аад хувь нь гадаадын эзэмшилд байдаг банк Монгол Улсын шүүхийн байгууллагад ажилладаг ажилтнуудыг орон сууцжуулах, бас бус зээл олгох нэрийдлээр, тэгээд бүр даварчихсан танхимынх нь ерөнхий шүүгчид “Бид танай ийм асуудлыг шийдэж өгсөн юм чинь бидний асуудлыг ингэж шийдэж өг” гэсэн бичиг өгөөд сууж байдаг.

Дараагийн асуудал нь Монгол Улсын харилцаа холбоо хэний мэдэлд байгаа юм бэ. Монголын харилцаа холбоог гадныхан хянаж, албан тушаалтнууд, дарга цэргүүд нь гадныхны хяналтад үйл ажиллагаа явуулж байна. Гадаадын 98,85 хувийн эзэмшилтэй Мобикомын эзэмшдэг “Мобиком Нэтворк” компани Монголын интернетийн хэрэглээг бүхэлд нь хянаж байна. Тодруулбал, 63.9 хувийг Голланд улсад бүртгэлтэй Япон улсын “Кай-Ди Ди-Ай Оворсийз Холдинг Би Ви” компани, Голланд улсад бүртгэлтэй Япон улсын STGM компани 34.9 хувийг эзэмшдэг. Ердөө 1,15 хувийг нь манай монгол эзэмшилтэй “Ньюком”  компани эзэмшиж байна.

Нэг жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй гээд харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхийн дагуу “Мобиком Нэтворк” компанийн эрхийг цуцалсан байна. Гэтэл тэр компани ЗГХЭГ-ын дарга байсан Ж.Мөнхбатад хандаж, захиргааны шүүхэд ханджээ. Тэгээд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл гэдгийг хуралдуулж, Харилцаа холбооны зохицуулах хороог зөвшөөрлийг нь буцааж олгохыг үүрэгдсэн. Захиргааны хэргийн шүүх дөрөвдүгээр сарын 14-нд хуралдаад тэр цуцалсан эрхийг нь нээх шийдвэр гаргасан байх жишээтэй. Ямар ч бяртай улсууд байдаг юм бэ. Нэг өдөр хуралдуулаад шүүхтэй, юутай хээтэй нь шийдвэрийг нь өөрчлүүлсэн байна.

Гуравдугаарт, Монгол Улсын Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн жил гаруйн хугацаанд 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг өөрийнхөө компани руу шилжүүлсэн байна. Бид буцаан олголт гэж 400 мянган төгрөг авчхаад ямар их баярлаж байлаа. Гэтэл сангийн сайд нь тэнд 36 тэрбум төгрөгийн буцаалт авчихаад сууж байна. Өнгөрсөн жилүүдэд олон улсын валютын сангийн хөтөлбөрт орно, хүүхдийн мөнгө олгохгүй, нийтдээ 2017 онд 1043000 хүүхэд олгох мөнгөнөөс 28 тэрбум төгрөг дутаад байна. Бүрэн гүйцэт олгох боломж байхгүй гэж байсан сангийн сайд өөрийнхөө хувийн компанид 36 тэрбумыг олгочхоод сууж байна. Яасан барагддаггүй шунал, муухай хулгайч зан бэ” гэв.

С.Саран

+ There are no comments

Add yours