Сүхбаатар аймгийн гурван сум хээрийн түймэрт өртжээ

Сүхбаатар аймгийн гурван суманд хээрийн түймэр гарчээ. Одоогийн байдлаар хоёр сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраасан байна. Харин Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Баян-Овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийн дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 132 иргэн, нийт 156 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн өдрийн 22:50 цагт түймрийг цурамд оруулжээ. Түймэрт урьдчилсан байдлаар 60 км урт, 34 км өргөн, нийт 2040 км.кв талбай өртсөн аж.

Харин Шинэбулаг багийн “Яргайт” гэдэг газар энэ сарын 27-ны өдөр хээрийн түймэр гарсныг өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ний 06:00 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 35 км урт, 8 км өргөн, нийт 280 км.кв талбай өртжээ. Мөн Асгат сумын Өлзийт багийн “Замтын энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймрийг 27-ны өдрийн 18:45 цагт цурамд оруулж, өчигдөр 06:00 цагт бүрэн унтраасан байна. Онцгой байдлын газрын 29 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 45 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

+ There are no comments

Add yours