Өнөөдөр Наурызын баярын өдөр тохиож байна

Өнөөдөр Казах ард түмний үндэсний баярын өдөр буюу “Наурыз”-ын баяр тохиож байна. Энэ баяр нь эртнээс уламжлагдаж ирсэн бөгөөд гуравдугаар сарын 22 буюу Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр хэмээн үздэг аж.

Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг бөгөөд “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг байна. Энэ нь манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлдэг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж иржээ.

Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийддэг байна. Гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд “Амьдрал тэтгэх наран ээж минь” хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай юм байна.

Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай бөгөөд энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэдэг аж. Харин заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой юм байна.

+ There are no comments

Add yours