Friday, April 26 2024

Улсын хэмжээнд 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал болон яам агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцов.

Хэвлэлийн бага хурлын үеэр 2018 оны хоёрдугаар сарын салбарын мэдээллийг хүргэж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Уул уурхайн салбарын 2018 оны статистик мэдээллээс харвал, оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 255.0 тэрбум төгрөгөөр буюу 14,2 хувиар өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1,471.8 тэрбум төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 163.2  тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 82.1 тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 61.3  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.8%-ийг эзэлж байна.

2018 оны хоёрдугаар сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 1.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулж,  улсын төсөвт 353.7 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 158.6 тэрбум төгрөг буюу 81.3 хувиар өссөн байна.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тухайд, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 83,  Аи-92 автобензин 25, дизелийн түлш 48, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн нөөцтэй байгаа гэлээ.

Энэ онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний байдлаар 1.31сая баррель (178 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 16.22%-тай явж байгаа бол  1.14 сая баррель (155 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 14.12%-тай байна. Эхний улирлын байдлаар улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг төвлөрүүлж 17.63%-ийн гүйцэтгэлтэй байна хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: