АНУ-ын H2 визэнд зуучлах эрхтэй монгол компани байхгүй

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг шинээр нэмж оруулсан билээ. Үүнтэй холбогдуулан богино хугацааны хөдөлмөр эрхлэх Н-2 визний хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй монгол иргэд Гадаад харилцааны яаманд олноор хандаж мэдээлэл хүсчээ. Энэ дагуу тус яамны Консулын газраас олон нийтэд хандан мэдээлэл гаргасан байна.

Түүнд “Хөтөлбөр нь монгол ажилчин авах хүсэлтэй Америкийн ажил олгогч компани байх тохиолдолд эрх бүхий компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг хүлээн авч ажиллуулдаг зохицуулалттай тул Монголын эрх бүхий компаниуд америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг хэрхэн бүртгэх, сонгон шалгаруулах асуудал шийдвэрлэгдэх юм.

Одоогоор Америкийн зуучлагчтай гэрээ хийсэн Н2 визэнд зуучлах эрхтэй монгол компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага, эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийгээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Америкийн ажил олгогчтой гэрээ байгуулж, эрх авсан компаниудын талаар тухай бүр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх болно.

Энэ дашрамд олон нийтэд анхааруулахад АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул та бүхнийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье” гэжээ.

+ There are no comments

Add yours