Д.Цогтбаатар сайд Япон улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-25-нд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Гадаад харилцааны сайдын Япон улсад хийх айлчлалын зорилго нь тус улстай байгуулсан “Стратегийн түншлэл”-ээ гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, ялангуяа эдийн засгийн салбарт эрчимжүүлэн тэлэх ажээ.

Монгол, Японы “Стратегийн түншлэл”-ийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах нь хамгийн чухал байгаа юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм байна. Мөн айлчлалын үеэр Япон улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлагуудтай тус тус уулзах ажээ. Түүнчлэн Монгол, Японы Бизнес уулзалтад оролцохоор төлөвлөжээ.

+ There are no comments

Add yours