Аудитын байгууллагын ажилчдын цалингийн нэмэгдлийг 5-35 хувиар нэмнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т “Төрийн аудитын байгууллага нь Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчээс бүрдэнэ. Эдгээр албан хаагч нь төрийн тусгай албан хаагч” гэж заажээ. Мөн Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т Үндэсний болон орон нутгийн аудитын газар, АТГ-ын удирдах ба гүйцэтгэх албан тушаалыг төрийн тусгай алба байхаар тодорхойлжээ. АТГ-ын албан хаагчид саяхан цалингийн тогтолцоогоо шинэчлэн батлуулсан.

Харин аудитын байгууллагын албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох хувь хэмжээ тогтоосон шийдвэр гарч байгаагүй аж. Тиймээс бусад байгууллагын жишгийг баримтлан Ерөнхий аудитор нэмэгдлийн хэмжээг тогтоон олгосоор иржээ. Тухайлбал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 25-39, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-30 хувиар олгодог юм байна. Үүнийгээ албан ёсоор хуульчлах зорилгоор Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг боловсруулжээ. Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар тогтоолын төслөө танилцуулахдаа “Уг тогтоолын төсөл батлагдсанаар төрийн аудитын байгууллагын цалингийн зардалд өөрчлөлт орохгүй бөгөөд одоо олгож буй хувь хэмжээгээр цалингийн сандаа багтаан олгох боломжтой болно. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар тогтоохоор тусгасан” гэв. Өөрөөр хэлбэл, аудитын байгууллагын ажилчдын цалингийн нэмэгдлийг 5-35 хувиар олгохыг хуульчилж байгаа ч цалингийн төсөв нь нэмэгдэхгүй гэдгийг онцолж байлаа. Улмаар энэхүү тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр болов.

+ There are no comments

Add yours