О.Амарцэнгэл: Дотоодын зах зээлийг үнээний цэвэр сүүгээр хангах асуудал чухал байна

Мал аж ахуйг, үйлдвэрлэлтэй хэрхэн холбох асуудлыг хэлэлцэх “Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт маргааш болох аж. Чуулга уулзалтад сүүний фермерүүд, үйлдвэрлэгчид холбоодын 200 гаруй төлөөлөл оролцох юм байна. Энэ талаар өнөөдөр Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл “Монгол Улсад дотоодын сүүний үйлдвэрлэл их хомсдолтой байдаг учраас бидний хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүн нь 80 гаруй хувь нь импортынх байдаг. Энэ нь манай орны хувьд таатай биш зүйл юм.

Энэ байдлыг халах гол арга нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үнээний цэвэр сүүгээр хангах асуудал. Олон улсад ч ийм л гарцаар дотоодын сүүний хэрэглээгээ хангадаг.

Тиймээс энэ асуудлын талаар бид маргааш болох чуулга уулзалтаараа хэлэлцэж, ярилцана. Хэлэлцсэнийхээ дүнд төр засгийн байгууллагуудад үнээний эрчимжсэн мал аж ахуйн талаар, төрийн зүгээс баримтлах бодлого, дэмжлэгийн талаар хүсэлт, шаардлага хүргүүлэхээр бэлдээд байна.

Хүнсний тухай хуульд дотоодын сүү боловсруулах үйлдвэр, цехэд тушаасан сүүний литр тутамд мөнгөн урамшуулал олгоно гэсэн байдаг. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг чуулган уулзалтын үеэр хэлэлцэнэ.

Монгол Улс эрс тэс уур амьсгалтай, 4 улиралтай учраас бэлчээрийн мал аж ахуй нь зөвхөн дулааны улиралд сүү өгдөг. Харин 9-5 дугаар сар хүртэл малын сүүг гаргах боломж бага байдаг. Гэтэл хүнд сүүний хомсдол сэрүүний улиралд үүсдэг. Тиймээс үндэсний уламжлалт сүү цагаан идээний хэрэглээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар болон салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцахаар төлөвлөж байна.

Түүнчлэн гаалийн татвараас чөлөөлдөг ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн жагсаалтад саалийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг  оруулж өгөхийг төр засгаас хүснэ. Сүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн өртөг багасвал зах зээлд нийлүүлэх сүүний үнэ буурах сайн талтай.

Төр засгаас олон мөрийн хөтөлбөрүүд гаргаж, аян зохион байгуулж байсан. Гэсэн хэдий ч тэдгээр нь тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна гэдэг дээр холбооны олон гишүүд санал нэгтэй байдаг. Энэ талаар маргааш бид дэлгэрүүлж ярина” гэлээ.

Чуулга уулзалт маргааш буюу хоёрдугаар сарын 7-нд 14:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Төр захиргааны V байранд болох юм байна.

С.Саран

+ There are no comments

Add yours