Улсын хэмжээнд 105 мянган мал хорогджээ

Өвөлжилт хүндэрсний улмаас 105 мянга 286 толгой мал хорогдоод байна. Үүний тал нь зөвхөн долоо хоногийн хугацаанд учирсан хохирол юм. Цаашид ч нөхцөл байдал хүндрэх эрсдэл өндөр байна.

Өнгөрсөн сарын 18-ны байдлаар 51 мянган мал хорогдсон байв. Харин 2018 оны  нэгдүгээр сарын 25-ны байдлаар хорогдсон малын тоо 105 мянга давжээ. Өдөрт хэдэн мянгаараа хорогдож байгаа гол шалтгаан нь өвс тэжээлийн дутагдалтай байхад цочир хүйтэрсэн явдал гэж тайлбарлалаа.

Хорогдсон малын тоо 10 мянгаас давсан дөрвөн аймаг байна. Хамгийн их мал алдсан аймаг бол Ховд. Нийтдээ 27 мянга 740 толгой мал хорогджээ. Дараа нь Баянхонгор аймагт 25 мянга 915 толгой мал хорогдсон бол Завхан аймагт 22 мянга 125 толгой мал хорогдоод байна. Мөн Өвөрхангай аймагт 12 мянга 151 толгой мал хорогджээ.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны бодлогоор малчид ноос ноолуурын урамшуулалдаа эсвэл мал махаар өвс тэжээл солих боломжийг олгосон. Яамтай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд улсын хилээр 14 мянга 518 тонн өвс тэжээл оруулж ирсэн мэдээлэл гаалийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 8257 тонн өвс тэжээлийг малчдад борлуулаад байна. Ингэхдээ 61,6 хувь нь бэлэн мөнгөөр, 27,6 хувьд нь зээлээр, 9,4 хувьд нь ноос ноолуурын урамшуулалд тооцож олгосон бол 0,7 хувийг мал махаар сольжээ.

+ There are no comments

Add yours