Зам тээврийн зөрчил гаргасан 21 хүнд хорих шийтгэл өглөө

Энэ долоо хоногийн өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөн зохицуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл хотын 90 гаруй уулзвар, гудамж, замыг Замын цагдаагийн албанаас хяналтад авч ажиллажээ. Эдгээр өдрүүдэд албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1219 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 942 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 51 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний найм нь бага насны хүүхэд байсан байна.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 13,000 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлах, сануулах мөн хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 38, мөргөлдөх хэлбэрээр 28, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” зөрчил гаргасан нийт 21 хүнд шүүхээр 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулжээ.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад  нийт дуудлага мэдээлэл 3,8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 3,6 хувиар, гэмтсэн хүний тоо 45 хувиар тус тус өссөн бол бол хүүхэд өртсөн зам тээврийн осол 33 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

+ There are no comments

Add yours