Драгон дахь авто вокзал нүүх үү

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ын өнөөгийн байдлын талаархи мэдээлэлтэй танилцаад импортын автомашины бүртгэлийг зөвхөн энэ цогцолбор дахь Автотээврийн үндэсний төвийн салбарт хийж байхыг салбарын яаманд даалгав.
Мөн Драгон төвийн урд байх орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг хоёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх, Сонсголон өртөөнөөс цогцолбор хүртэл 2.5 км төмөр замыг сэргээн засварлаж ашиглалтад оруулах боломжийг судалж шийдвэрлэх, олон улсын тээвэр, логистикийн болон төмөр замын ачиж буулгах төвийг дээрх цогцолборт байгуулах талаар судалж танилцуулахыг үүрэг болгов.

Цогцолборыг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбоход шаардагдах хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх болсон байна. Авто машин, сэлбэг хэрэгсэл, бусад барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх гаалийн хяналтын бүсийг хоёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т ажиллуулж эхлэхээр боллоо.

“Авто худалдааны цогцолбор”-т 71 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар худалдан авч, эсвэл талбай түрээслэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1 Comment

Add yours

Leave a Reply to Зочин Cancel reply