Friday, March 29 2024

Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулахыг Ерөнхий сайдаас хүсчээ

“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийн Монгол дахь томилолтын талаарх мэдээлэл financialpost.com цахим хуудсанд гарчээ. Энэхүү мэдээлэлд Жан Себастьян Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар ярилцсан, Улаанбаатарт шинэ оффисоо нээсэн зэрэг Монголд амжуулсан ажлуудыг нь дурдсан бөгөөд түүн дотор нэгэн анхаарал татсан зүйл байсан нь Рио Тинто группын гүйцэтгэх захирлын  зүгээс Монголын Засгийн газар “Рио Тинто”-гийн хооронд Оюутолгойтой холбоотойгоор үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавьсан тухай юм. Ажлын хэсэг нь дараах асуудлуудыг шийдвэрлэх зорилготой гэж financialpost.com-д бичжээ.

“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсны дараа уурхайн дэргэд ижил нэртэй хот сүндэрлэж, улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой хот болж хөгжсөн билээ. Тиймээс Эрдэнэтийн овооноос илүү их нөөцтэй Оюутолгойн ордод олборлолт явуулах уурхайг түшиглээд Эрдэнэтээс ч том хот босно гэсэн төсөөлөл монголчуудад байсан. Гэтэл уурхайд олборлолт явуулах “Айвенхоу майнз” компани Оюутолгойд дагуул хот байгуулахгүй гэсэн мэдэгдлийг 2010 оны гуравдугаар сард хийсэн билээ. Тэд энэхүү шийдвэрээ  “Уурхай дагасан хотуудын хувьд ашиглалтын хугацаа дууссанаас хойш оршин суугчид орлогын эх үүсвэргүй болно” гэж тайлбарлаж байсан. Гэхдээ энэ бол Рио Тинтогийн гэхээсээ “Айвенхоу майнз”-ын байр суурь байсан юм. Харин үүнээс хойш “Рио Тинто” групп Оюутолгойн 66 хувийг эзэмшигч компанийн хяналтын багцыг эзэмших болж, нэрийг нь “Туркойз Хилл ресурс” болгож өөрчилсөн билээ. Тиймээс энэ асуудлаар “Рио Тинто”-той дахин яриа үүсгэх боломжтой. Яриа үүсгэх төдийгүй бодит ажил болгох ч боломжтой гэдэг нь “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өөрөө ажлын хэсэг байгуулах санаачилга гаргаснаас харагдаж байна. Ажлын хэсэг сайн ажиллаж чадвал Оюутолгойг дагасан шинэ хот сүндэрлэх нь.

Оюутолгойн уурхай одоогоор эрчим хүчээ БНХАУ-аас худалдаж авч байгааг бүгд мэднэ. Монгол Улсын Засгийн газар эрчим хүчийг Монголоос худалдаж авах ёстой гэдэг байр суурийг байнга илэрхийлдэг.

Хэрвээ энэ эрчим хүчээ Монголоос авбал олон зуун тэрбум төгрөгийг Монголдоо авч үлдэнэ гэсэн тооцоог үе, үеийн сайд, дарга нар ярьсаар ирсэн. Гэвч цахилгаан станцаа одоо болтол бариагүйгээс болж боломжоо алдсаар байгаа юм. Хэрвээ манайх цахилгааны эх үүсвэрээ бий болгочихвол Оюутолгой эрим хүчээ дотоодоос хангана. Хөрөнгө оруулалтын гэрээнд ч энэ талаар тусгаж өгсөн. Гол нь манайд эх үүсвэр хэрэгтэй байгаа юм. Тиймээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдсанаар эрчим хүчийг Монголоос авдаг болгох асуудлаар ахиц гаргах боломж үүснэ. Оюутолгойгоос цахилгаан станцын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийлгэх замаар асуудлаа хурдхан шийдчих бололцоо бий.

“Рио Тинто” групптэй энэ мэтчилэн яаралтай ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай энэ мэт олон асуудал байгаа учраас ажлын хэсэг байгуулагдсан тухай мэдээллийг дээрх эх сурвалж өгүүлсэн байв.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: