Хятад улсаас дэмжлэг хүслээ

 БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ.

БНХАУ-тай зам, тээврийн иж бүрэн түншлэл, хамтын ажиллагаатай явдаг манай улсын хувьд 2015 оноос хойш 3 жилийн дараа хийж буй салбарын сайдын айлчлалд тус салбарын бодлогын газрын дарга нар болон ИНЕГ, УБТЗ, АТҮТ, МТЗ, Далайн захиргааны удирдлагууд багтаж байна.

Айлчлалын эхний өдөр ЗТХ-ийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд авто зам, агаарын тээвэр болон БНХАУ, ОХУ, Монгол Улсын хамтран байгуулахаар хэлэлцэж буй төмөр замын коридорын асуудлыг хэлэлцлээ.

Ли Сяопөн сайд уулзалтын эхэнд, 2014 онд хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” тогтоосноор бүх салбар,  ялангуяа зам тээврийн салбарт онцгой анхаарч ажиллаж байна.

БНХАУ-ын “Зам ба бүс” хөтөлбөртэй Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн бодлого бүрэн нийцэж байгааг онцоллоо.

Мөн тэрээр 2011 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан Авто тээврийн хэлэлцээр одоогийн нөхцөлтэй нийцэхгүй байгаа учир хоёр улсын мэргэжилтнүүдийн ажлын хэсэг байгуулж, тус гэрээг яаралтай шинэчлэх шаардлагатай байгааг энэ үеэр илэрхийлсэн юм.

Зам, тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ “БНХАУ-ын зам, тээврийн үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэл зэргээс суралцаж, сургамж авах зүйл олон байна. Салбартаа тэргүүлж буй тус улсын хөгжлөөс хоцрохгүйн тулд хамтран ажиллаж, зарим зүйлд дэмжлэг, туслалцаа авах хүсэлтэй байна. Хамтын ажиллагааны хүрээнд яамнаас шалтгаалах ажлаа боломжоороо хурдан хийж гүйцэтгэх болно. Тиймээс БНХАУ-ын Тээврийн сайдын хувьд дараах асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг уулзалтын үеэр ноён Ли Сяопөнээс хүслээ. Үүнд:

  • Тань Жин-Улаан-Үдийн авто замыг сайжруулах, хурдны зам тавих
  • Хоёр улс хоорондын төмөр замын шугамыг сайжруулах, тэлэх, ажиллах хүчийг нэмэгдүүлэх
  • Баруун, зүүн, хойд чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн чиглэлийг өргөжүүлэх
  • Нарийн сухайт, Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын асуудал
  • Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын асуудлыг онцоллоо.

Мөн тэрээр “Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын тээвэрлэлт нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Эхний ээлжид холболтын цэгийг нэмэх талд анхаарч өгнө үү. Мөн Зүүнбаянгаас Ханги мандал хүртэл төмөр зам барих нь зүйтэй гэж үзэж байна.

Хэрэв энэ чиглэлд төмөр замын холболттой болчихвол ӨМӨЗО-ны нутаг дээрх Бугатын төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлж буй Монголын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зай одоогийнхоос даруй 400 км-ээр дөт тээвэрлэх боломжтой бөгөөд Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг бууруулах юм” гэдгийг уулзалтын үеэр онцлон илэрхийлэв.

+ There are no comments

Add yours