Японы цэцэрлэг хэрхэн ажилладаг вэ

Өнөөдөр охиныхоо явдаг цэцэрлэгийн  онцлог сургалтын талаар бичихээр шийдлээ.

Охин маань 4 настай бүлэгт 18 хүүхэдтэй суралцдаг.

Японы ясли цэцэрлэгийн багшид ноогдох хүүхдийн тооны стандард:

•0 настай бол 3 хүүхдэд 1 багш

•1-2 настай бол 6 хүүхдэд 1 багш

•3 настай бол 20 хүүхдэд 1 багш

•4-5 настай бол 30 хүүхдэд 1 багш
түүнээс гадна хоол зүйч, сувилагч, оффисын ажилтан байдаг.

Өдрийн хуваарь:

Өглөө очоод халуунаа үзүүлнэ, хэсэг тоглож байгаад цайгаа ууна, гадаа паркд юмуу эсвэл дээвэр дээрээ тоглож биеэ хөдөлгөнө, өдрийн хоол, унтлага, ахиад халуунаа үзээд үдээс хойш ямар нэг хичээл ( англи хэл, ритм, гимнастик, дуу гэсэн хичээл 7 хоногт 1,1 удаа ордог) ороод, үдийн цай уугаад ном уншиж харих бэлтгэлээ хийдэг.

Өглөөний болон үдийн цайн дээр жижигхэн амттан өгдөг. Тэр нь жимс, иогурт, ногооны цэлцэгнүүр гэх мэт хэт их чихэргүй, инстант биш дажгүй юм харагддаг. Үүдэнд тухайн өдрийн хоолыг үзүүлэн тавьсан байдаг. Орой очиход өнөөдөр идсэн хоолыг үзүүлэн тавьсан байдаг нь талархууштай. Хүүхдээ юу идсэнийг нь мэдэж эрүүл мэндийг хамгаалах нь юу юунаас илүү тустай зүйл. Нөгөө талаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг эцэг эхчүүдэд өгдөг нь саашаалтай.

Жилийн хуваарь нь:

•4 сард элсэлт

•6 сард зугаалга буюу хагас бүтэн сайнд ямар нэг парк, цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ очиж өөрсдийн бэлдэж ирсэн өдрийн хоолоо идэж аав ээж багш нар дээд доод ангийнхантайгаа танилцаж дотносдог юм.

•7-8 сард цэцэрлэг дээрээ бассеин бэлдэнэ, энэ 2 сар маш халуун байдаг учраас

•8 сард зуны баяр бас нэг хагас бүтэн сайнд цэцэрлэг дээрээ тоглоом тоглож Японы зуны баяр хийнэ

•9-10 сард биеийн тамирийн өдөрлөг нас насандаа таарсан спортоор уралдана

•10 сард Халловин энэ баярийг яагаад ч юм тэмдэглэдэг юм. Нялхуудад уут тор нтрээр хөөрхөн хувцас хийгээд өмсүүлнэ, арай томуудад нь дуртай үлгэрийн баатрын хувцсаа авчирахыг зөвшөөрнө. Тэгээд ойр хавийн таньдаг дэлгүүр нтр дээр очиж чихэр авдаг.

•12 сард шинэ жил буюу Кристмасын тоглолт сурсан дуу бүжиг, жүжгээ анги ангиараа үзүүлнэ.

•3 сард төгсөх буюу анги дэвших

Үүнээс гадна сар бүр хоолны хичээл 1 удаа нас насанд нь таарсан хөөрхөн юм хийлгэнэ, төрсөн өдөр 1 удаа тухайн сард төрсөн хүүхдүүдийг нэгтгээд тэмдэглэж өгдөг. Жилд 2 удаа аав ээж багшийн ганцаарчилсан ярилцлага байдаг.

/Өөрөө хийсэн цүнх, кэндама тоглоом/

Цэцэрлэгүүд хүүхдүүд болон аав ээжид нь зориулж ерөнхийдөө нэг иймэрхүү хөтөлбөрүүд бэлдсэн байдаг.
Спортын өдөрлөг, шинэ жилийн концерт дээр нэг хүүхэд гоцлох гэсэн ойлголт байдаггүй. Бас оны шилдэг хүүхэд, шилдэг дуучин энэ тэр гэсэн шилдгийг шалгаруулах ойлголт байхгүй бүх юм анги нийтээрээ. Марафонд гүйсэн ч түрүүлсэн хүүхэд ганцаараа биш бүгдээрээ ”хичээлээ” гэсэн алтан медальтай үлддэг. Өвлийн өвөө хүүхэд бүрт бэлэг өгөхгүй, харин цэцэрлэгт нь тоглоом ном зэргийг өгсөн байдаг.

Хоорондоо муудалцвал 2-лаа бие биенээсээ уучлал гуйх дүрэмтэй. Багш нар нь хүүхдэд ямар нэг шарх бэртэл, өөрчлөлт гарвал аав ээжид заавал мэдэгдэх үүрэгтэй. Багш нар биеийн тамирын хувцастай, ямар нэг гоёл зүүлтгүй, нүүрээ будаагүй байдаг.

Сүүний хайрцаг, 00 цаасны гол гэх мэтээр янз бүрийн тоглоом өөрсдөөр нь хийлгэж тоглуулдаг.

Цагийн хувьд 07.00-20.00 хүртэл (үндсэн цаг 08:00-18:00) үндсэн цагаас бусад үед нэмэлт төлбөртэй. Цэцэрлэгээсээ хамаарах боловч ихэнхи нь 56-с дээш хоногтой хүүхэд авдаг. Төлбөр нь аав ээжийн өмнөх жилийн орлогоос хамаарч сарын 5000-100000 иений хооронд шатлагдан тогтоодсон байдаг. Хэдий төрөлтийн тоо багасч байгаа ч гэсэн Токиод цэцэрлэгийн хүртээмжний асуудал том хэвээрээ. Улсын цэцэрлэг эсвэл улсаас зөвшөөрөгдсөн хувийн цэцэрлэг (ийм цэцэрлэгүүд стандард, хуваарь, төлбөр улсынхтай адилхан байдаг)-т орохын тулд дүүрэг хотын захиргаанд материал бүрдүүлж өгдөг. Онооны системтэй бөгөөд аав ээж 2-лаа бүтэн ажилладаг бол оноо ихэсч тэнцэх магадлал өндөрсдөг.

За за нэг иймэрхүү байна даа. Төгсгөлд нь тодруулахад Японд цэцэрлэг 2 янз байдаг.

1. Боловсролын яаманд харьяалагддаг, сургуулиас өмнөх насны боловсрол олгох зорилготой цэцэрлэг 3-6 насны хүүхэд 09:00-14:00 хооронд суралцдаг.

2. Хөдөлмөрийн яаманд харьяалагддаг, аав ээж нь 2лаа ажилладаг бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх зорилготой ясли цэцэрлэг. Энэ нь манай охины явдаг цэцэрлэг буюу миний дээр бичсэн цэцэрлэг хэхэ.

Анхаарал тавьсанд баярлалаа.

With love,
Masha

+ There are no comments

Add yours