‘Тост, Тосон Бумбын нурууг ухаж сэндийчихээ болихыг шаардаж байна’

 Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар тус сумын иргэд “Манай суманд 38 ширхэг уул уурхайн лиценз байна. Эдгээрийн 25 нь ашиглалтын лиценз бөгөөд үлдсэн 13 нь хайгуулынх. Өмнөговь аймгийн Гурван тэс сум уул уурхайгаас болоод бэлчээргүйдэж, малчдын амьдрал хүнд байна. 

Малчдын эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл алдагдаж байгаа учраас газар олгох эрхийг олгодог хүмүүст бодит байдал ямар байгаа вэ гэдгийг дуулгахаар ирсэн. Бид уурхайн үйл ажиллагаагаа зогсоох байх гэж тэвчиж зөндөө хүлээсэн.

Уул уурхайгаас болж Өмнөговь аймгийн Гурван тэс суманд бүтэн нутаг үлдэхгүй нь. Энэ нөхцөл байдлыг шийдвэр гаргах түвшний хүмүүс анхаарч шийдвэр гаргаасай.

Нутаг орноо хамгаалахын тулд бид 20 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлснийг зогсоохыг шаардаж байна” гэдгээ хэллээ.

Энэ талаар Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн Н.Эрдэнэжаргал “Гурван тэс сумын 3,4-р багийн нутагт уул уурхайн компани өнгөрсөн жил 3 сарын 2-нд очсон. Уг компанийг анх орж ирэхэд бид нутагтаа оруулахгүй гэдгээ хэлсэн.

Тэгсэн хэдий ч нутгийн иргэдийн үгийг үл тоон, биднийг басамжлан доромжилж байна. Би өөрийн биеэр УИХ-ын өргөдлийн байнгын хороонд уул уурхайн компанийг нутгаасаа гаргах талаар 880 хүний гарын үсэгтэй өргөдлийг өгсөн.

УИХ нутгийн иргэдийн өргөдлийг хүлээн аваад одоо хүртэл хариу хэлээгүй. Манай сумын иргэдийг авраач гэж хүсмээр байна” гэсэн юм.

+ There are no comments

Add yours