УИХ-ын дарга М.Энхболд Вьетнамыг зорилоо

УИХ-ын дарга М.Энхболд Бүгд найрамдах Вьетнам улсыг зорилоо. Тэрээр энэ сарын 18-21-нд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцох юм байна. Түүнчлэн энэ сарын 21-23-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх аж. УИХ-ын дарга М.Энхболд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцох үеэрээ “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанд илтгэл тавих юм. Уулзалтын үеэр  зарим улсын парламентын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийнэ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн удирдлагуудад бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзана. Уулзалтын  үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох юм.

+ There are no comments

Add yours