Европын Холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас хасах уу

Монгол болон бусад долоон улсыг Европын Холбоо татвараас зугтагсдад ээлтэй орнуудын “хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж байгааг Ройтерс агентлаг өчигдөр буюу Даваа гарагт мэдээлжээ.

Монголоос гадна Өмнөд Солонгос, Панам, АНЭУ, Барбадос, Гренад, Макао, Тунис гэсэн найман орныг удахгүй жагсаалтаас хасах гэнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийтдээ 17 улсыг татвар төлөхөөс зугтагсдад таатай нөхцөл олгодог гэж Европын Холбоо тодорхойлон хар жагсаалтыг зарлаж байв.

Харин дээр дурдсан найман орныг татварын хууль, журмаа шинэчлэх амлалт өгснийх нь үндсэн дээр жагсаалтаас хасах бололтой. Энэ асуудлыг маргааш буюу Лхагва гарагт тус холбооны гишүүн орнуудын элчин сайд нарын уулзалтаар хэлэлцэж, дараа нь ирэх долоо хоногт Брюссельд болох сангийн сайд нарын уулзалт дээр эцэслэн батлахаар төлөвлөснийг Ройтерс агентлаг албаны бичиг баримтыг эх сурвалж болгон мэдээлжээ.

+ There are no comments

Add yours