Цахим орчинд хүүхэд хүүхдийнхээ эсрэг дарамт учруулж байна

Иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” аян эхлүүлэх гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа “Хүүхэд хамгааллын хууль батлагдсан нь том алхам болсон. Гэхдээ яг цахим орчинд хүүхдийг хамгаалах нь өөрөө онцгой зохицуулалт шаарддаг. Хүүхэд хамгааллын хууль нь зөвхөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний дарааллыг тогтоосон процесс. Цахим орчин болж байгаа зохистой болон зохисгүй үйл явдлууд бүгд бодит ертөнцөд болж байгаа мэт зохицуулалттай байх ёстой. Энэ зохицуулалтыг хийхийн тулд судалгаа, нотолгоог хангалттай бий болгох ёстой гэж бодож байна. Мэдээж байгууллагуудынхаа чиг үүргийг хуулиараа тодорхой болгох хэрэгтэй.

Зохисгүй агуулга тавигдах юм бол үүнийг хэрхэн цахим орчноос даруй авах вэ гэдэг зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Гол нь энэ төрлийн гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийг зүгээр явуулж болохгүй. Хүүхдүүдийг анхаарч, урьдчилан сэргийлэх ёстой. Мөн хүүхдүүдийг хувийн мэдээллээ цахим орчинд тавихгүй байхыг багш нар болон эцэг эх нь анхааруулж хэлэх ёстой.

Цахим орчинд хүүхдүүд зохисгүй мэдээллийг авч, зохисгүй зан үйлийг гаргаж байна. Хүүхэд өөрөө хохирогч болоод зогсохгүй, хүүхэд хүүхдийнхээ эсрэг буюу үе тэнгийнхний цахим орчны дарамт түгээмэл байна. Зарим байгууллагын судалгаанаас авч үзэхэд тодорхой харагдаж байгаа” гэлээ.

ТОО БАРИМТ:

  • Дэлхий дээр дөрвөн хүүхэд тутмын нэг нь интернет хэрэглээний эрх авахын тулд гэр бүлийн хувийн мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэж хариулжээ.
  • Монгол улсад өсвөр насны 3 хүүхэд тутмын 1 нь фэйсбүүк хэрэглэдэг аж.
  • Фэйсбүүкт нэвтэрч байгаа хүүхдүүдийн 47% нь 2 ба түүнээс дээш хаягтай, 46.4% нь админ эрхтэй байгаагийн 37.3% сөрөг сэтгэгдэл бичдэгээс 17 % нь бусдыг доромжилсон, нэр хүндэд халдсан, гутаасан бүдүүлэг үг хэллэг ашигласан нь судалгаагаар тогтоогдсон байна.
  • Судалгаанд оролцсон хүүхдүүд цахим орчинд нэвтэрснээр 42.6% нь их ядардаг, 41% нь айдаст автдаг, уур хүрдэг гэж хариулжээ.

+ There are no comments

Add yours