Х.Түвшинбаяр: Бэлгийн мөлжлөгийн хохирогч 130 эмэгтэйн 20 нь насанд хүрээгүй хүүхдүүд байна

Хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Х.Түвшинбаяр “Хүн худалдаалах, хар тамхи галт зэвсгийн наймаа зэрэг нь үндэстэн дамнасан хэрэг учир үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг.  Манай улсын 2012 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хуулийг УИХ-аас баталсан.

Хүн худалдаалах гэмт хэрэг манай улсын хувьд бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн шинжээр үйлдэгдэж байна. Эрүүгийн цагдаагийн албаны тухайд 2017 онд нийтдээ гудамж талбайд саун массажны үйл ажиллагаа явуулж байсан 50 холбогдогчтой 42 хэргийг илрүүлсэн. Эдгээрээс гадаад улсад үйлдэгдсэн 9 хэргийг мөн илрүүлсэн. Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт өртүүлж ашиг олдог хэсэг бүлэг байгаа. Саун массажны газарт охид, эмэгтэйчүүд сайн дураар биеэ үнэлж байна.

Харин зарим нь хүчинд автаж, эмзэг байдлаараа тухайн хүний эрхшээлд орж, биеэ үнэлж байна. Охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж байгаа гэж бодож байтал, цаагуураа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байдаг. 

Энэ хэргүүдэд нийтдээ 130 охид эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон. Эдгээр эмэгтэйчүүдийн 20 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Насан хүрээгүй хүүхдүүд энэ хэрэгт өртөж байгаа нь ар гэрийн хараа хяналт сул байснаас болж байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой ажиллагаануудыг хийж байгаа.

Гадаад улсуудад бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон нийт 7 иргэнийг Зүүн өмнөд Азийн орнуудаас Гадаад Харилцааны Яамны консулын газар интерполын үндэсний төв товчоотой хамтран эх оронд нь аюулгүй авчирсан.

Иргэдийн зүгээс энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн тохиолдолд өөрийгөө аюулд учруулчих вий гэж айж эмээх зүйл байхгүй. Манай улс гэрч хохирогчийг хамгаалах бие даасан хуультай” гэлээ.

+ There are no comments

Add yours