Донорын хуулийн төлөө би амьд явна…

Өвдсөн л бол гадагшаа зүглэж, хавдсан л бол хандив цуглуулаад хөгжингүй орон барааддаг зуршилд цэг тавихаар Амай шийджээ. Одоо энэ залуу долоо хоногт гурван удаа аппаратанд орж цусаа шүүлгэдэг. Донорын хууль батлах хүртэл би аппараттайгаа амьдарна хэмээж буй түүний энэ зөрүүдлэлийн цаана том зорилго бий. Хууль байхгүйгээс шалтгаалан хэдэн мянган хүн энэ зовлонт замаар бэдэрч буй явдалд цэг тавьж, УИХ-д дохио өгөхийг Амай хүсчээ. 1990 оноос хойш “Амь амиа бодоорой” хэмээх үзлээр амьдарч ирсэн энэ цагийн монголчуудын эл явцуу үзэл бодолд эерэгээр нөлөөлөх зорилго түүнд бас бий. Герман, Америк, Швед зэрэг оронд амьдарч буй, хүнд хэцүү аяллын үед танилцсан найз нөхөд нь Амайг ирж бөөрөө солиул хэмээн ятгаж, зардал мөнгөний асуудлыг нь шийдчихээд байгаа боловч Амай адилхан аппараттай амьдарч буй монгол залуусаа орхиод амиа бодон зугтах бодолгүй байгаа юм.

Түүний 11 жилийн турш дэлхийн дайнтай, халдварт нянтай, далайн шуургатай, хөл хориотой, хөгжин бадарч буй улс орнуудаар явсан аяллын тэмдэглэл болох таван боть ном эдүгээ хамгийн үнэ цэнэтэй бүтээл болоод байна. Учир нь дахиад Амай шиг зүрхтэй, зорилготой нэгэн төрж, ойрын үед дахин 11 жилийн турш унаатай унаагүй ийнхүү аялаад ном бичихгүй нь тодорхой. Түүнтэй адил залуус өнө урт түүхнээ өнчин мэт хааяахан л төрдөг гэдгийг бид мэднэ. Аялал жуулчлал, гадаад харилцаа хоёрыг хэрхэн хоршуулан хөгжүүлсэн талаар сурсан мэдсэн, хуримтлүүлсан зорилгоо төр улстайгаа хувааж ард түмэндээ хүргэе хэмээн зорьсон хэдий ч олон улс судлаач түүнийг Гадаад харилцааны яам босгоороо ч алхуулаагүй гэнэ. Боловсролтой, соёлтой, шилдэг залууст Монголд амьдрах, аж төрөх арга байхгүй болсон явдалд ч Ж.Золбаяр шүүмжлэлтэй ханддаг.

Түүний тухай энэ бүх үнэн бодит мэдээллийг би хаанаас олов оо? Энэ бүхнийгээ илэн далангүй өгүүлсэн дэлгэрэнгүй ярилцлагыг Амай ” Өдрийн сонин”-ы 12 сарын 14-ний дугаарт сэтгүүлч Н.Ганчимэгт өгчээ. Мэргэжлийн сэтгүүлзүйг шүтдэгийн минь учир энэ. Эл салбарт 20 шахам жил ажилласны хувьд мэргэжлийн сэтгүүлчийн ул суурьтай, ухаан зарж түгээдэг мэдээллүүдээс баримт хайх дуртай. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэрээ хагартал цуурч, улсаа ганхтал хэрэлдсэн нэг сэдэв болох Г.Номуундарь охины аавын ярилцлагыг “Өдрийн сонин”-ий тоймч Д.Мөнгөндалай маань олон нийтэд амжиж хүргэснээр асуудал бас ч гэж ойлгомжтой боллоо. Тэдэндээ баярлалаа гэж энэ дашрамд хэлье. Мэргэжлийн сэтгүүлзүй оршин тогтнодоггүй бол Амай яагаад бөөртэй болох боломж байсаар байтал аппараттайгаа амьдрахаар шийдсэнийг, Г. Номуундарийн зовлонг аав нь бичлэг гарсны дараа л мэдсэн болохыг бидний хэн нь ч мэдэхгүй өнгөрч, улсаа ганхтал хэрэлдэж, уулсаа ганхтал хэмхэлдэж, хүний үрийг хүчиндэгчээр зарлаж, хөөрхий охины дэвшүүлсэн асуудлыг хэл ам хэрүүл шуугианаараа мушгин гуйвуулсаар өдөр хоногийг өнгөрөөх байв. Цаашдаа ч турхирсан олонд үнэнийг учир шалтгаантай нь хүргэж, төөрөлдсөн сошиалд гэгээ оруулаасай хэмээн сэтгүүлч нөхдөөсөө би тууштай хүсэх болно…Бас Амайгийн үгийг УИХ-ын чихэнд, зүрхэнд хүргэх боломж хэвлэлийнхэн бидэнд л бий. 30 гаруйхан настай монгол залуу амь насаараа дэнчин тавин Донорын хуулийн төлөө аппараттай найзлан амьд явж буй…түүний зүрх зөв гэсэн бүхний төлөө эцсээ хүртэл цохилох болно…энэ л өнөөгийн МОНГОЛ билээ.

Р. Эмүжин

+ There are no comments

Add yours