Эмээ банкны үүдний модон сандал дээр суучихаад уйлаад л байх юм. Хүү охин хоёр нь аргадаж тойроод л…эмээгийн нулимс энгэр хормой дээр нь бөнжийтөл хөлдөх боловч ар араасаа усан дуслууд урссаар…охин нь түшиж босгоод хашаанаас гарахаар хөдлөв.

-Хэдэн хүүхдээ орох оронтой болгоё, үр ачид минь үлдэх юм даа гээд хоёр жилийн тэтгэврийн зээл авч, энэ хэдийнхээ байрны лизингийн урьдчилгаанд нь нэмэрлэсэн юм. Тэгсэн нийт 6,9 сая төгрөг боллоо. Банк 900 мянгыг нь шимтгэл, зээл судалсны хөлс энэ тэр гээд булаагаад авчихлаа. Миний насандаа ч атгаж үзээгүй мөнгө. Хөгшин би хоёр жил хоолтой хоолгүй, цайтай цайгүй явах л байх. 900 мянга чинь наддаа их мөнгө. Гамтай хэрэглэвэл хэдэн сар хоолой норгож амь тэжээх хөрөнгө. Яагаад намайг ингэж луйвардаж байгаа юм бэ. Хөгшин надад үр хүүхэддээ туслах гэснээс өөр буруу юу байгаа юм. Байртай болно гээд хэчнээн баяртай ирлээ, уйлаад буцаж явна…эмээгийн гомдол тасрах янзгүй. Гомдолтойгоо хамт үхэхээр шуударчээ. Уг нь мөнгөгүй байсан ч мөрөөдлөө биелүүлж болох боломж бол банк. Харин манайд бол энэ салбар илүү харгис зүй тогтолтой.

Бизнесийн болон хэрэглээний зээл авсан хүн хоолой дээрээ залгичихаж болдоггүй, хүлхээд байж таарамгүй банк хэмээх тээглүүртэй боллоо л гэсэн үг. Маш энгийн. Нэг сайхан бүсгүй юм уу, ажил хэрэгч залуу гарч ирээд л “Та манайхаас зээл ав, харин бид таны бүх амьдралыг бурхнаас заяасан нас, эрүүл мэндтэй чинь хамт авлаа” гээд зүтгэчихнэ шүү дээ. Инээсээр байгаад л авдагаа ч авна, өгдөгөө ч өгнө. Зээл төлөх гэж ажилласаар бие ч үгүй, эрүүл мэнд ч үгүй…Гэтэл энэхүү зээл гэдэг ойлголт Монголоос бусад оронд бол аврах бүс, амьдралын багана. 1, 3-2,7 хувьтай зээл дээр бүх дэлхий оршин тогтнож, хотууд босож, үйлдвэрүүд амьсгалж байна. Кредит карт хэмээх шидтэнээр дамжуулан үхсэний дараах асуудлаа ч шийдчихдэг боллоо. Усанд живж байгаа хүн картаа ашиглан нисдэг тэрэг хөлслөөд амиа аварчихаж байна. Банк бол энэ тохиолдолд аврагч. Бурхны элч. Гэтэл Монголын банкууд ард түмэн рүүгээ аврах бус, алах бүс шидэж даажигнасаар, Гобсек маягийн хэдэн банктайгаа живж эхлэв. Япон, Орос, Хятад, Европийн холбооны банкууд орж ирэх гэж байгаа чимээ чих дэлсэв. Тэд бидний аврах бүс болох юм. Банктай холбоотой гурван хууль ойрын өдрүүдэд батлагдана. Сайн мэдээ гэвэл зээлийн хүүгийн дарамтыг татаж унагах дөрвөн банк айсуй. Муу мэдээ гэвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх мэдэл энгүй их өсөх сурагтай…нэг гараараа хайр бэлэглээд, нөгөө гараараа аллагын зэвсэг шидээд байлгүй даварчихсан банкуудаа даруулгатай, ичих нүүр, эмээх шалтгаантай болгоод өгөөөөөч!

Р. Эмүжин

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.