“ЦАЛИНТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨРИЙН ЖУРМЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛОВСРУУЛНА

“Цалинтай ээж” хөтөлбөр ирэх оны эхний өдрөөс хэрэгжихээр болсон билээ.

Тус мөнгийг хэрхэн олгох, ямар материал бүрдүүлэх зэрэг асуудлыг зааварласан нэгдсэн журам одоогоор батлагдаагүй байна. Энэ талаар Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас тодруулахад, “Энэ долоо хоногт журмыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн хариулт өглөө.

Энэ хөтөлбөрийн хүрээнд 2018 оны төсөвт 98.8 тэрбум төгрөг суулгаж, нийт 135 мянган ээж хамрагдана гэсэн судалгаа гаргажээ.

Манай улсад ажил олгогчийн зүгээс 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхэд хүүхдээ асрах чөлөө олгож, ажлын байрыг нь хадгалах үүрэг хүлээхээр хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг боловч хүүхэд асрах хугацаанд нь ямар нэг цалин, амьжиргааг нь дэмжих тэтгэмж олгох тухай журам байхгүй явсаар иржээ.

2016 оны Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнгээс харахад, хүүхэдтэй өрхийн тоо улсын хэмжээнд 531,1 мянга байгаа аж. 0-18 насны хүүхэдтэй өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй байгаа бол 16 орчим хувийг нь өрх толгойлсон ганц бие эцэг, эхчүүд эзэлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр юм.

Ингэхдээ,

-0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг олгох бөгөөд нийт 135 мянган ээжүүд хамрагдана.

-3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох ба 165 мянган өрх толгойлсон эцэг эхчүүдийг хамруулна.

-Эдгээрт зориулж ирэх оны төсөвт 98.6 тэрбум төгрөг  тусгаж, үүнээс 81 тэрбум төгрөгийг “Цалинтай ээж” хөтөлбөрт зарцуулахаар баталсан.

+ There are no comments

Add yours