15-19 насны охидын төрөлт хоёр дахин өсжээ

НҮБ-ийн хүүхдийн сангаас сургуулийн хүүхдүүдэд суурилсан эрүүл мэндийн судалгааг явуулахад хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт  зан үйлүүд их байна гэсэн дүгнэлт гарсан байна.  Тодруулбал, сүүлийн  жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгааг доорх судалгаанаас харж болох юм.

Судалгааны дүнгээр:

  • 6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай.
  • 10 сурагч тутмын нэг нь хэт илүүдэл жинтэй.
  • Таван сурагч тутмын хоёр нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг.
  • Таван сурагч тутмын  нэг  нь амиа хорлох талаар бодож, төлөвлөж, нэг ба түүнээс олон удаа “ Амиа хорлохыг оролдсон” гэж хариулжээ.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 15-24 насны эмэгтэйчүүдийн 95.9 хувь жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар мэддэг. Гэхдээ хэрэглэх нь бага гэсэн байна. 15-19 насны охидын төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг хоёр дахин өсжээ.

Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байна. Бэлгийн замаар халдах халдварт өвчнөөр өвчлөгсдийн 11.9 хувь нь 15-19 насных, 29.3 хувь нь 20-24 насныхан эзэлж байгаа юм. Эдгээр тоо баримт нь өсвөр насныхан нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх боловсрол, мэдээлэл дутмаг байгаа гэдгийг харуулж буй гэдгийг уг судалгаанд дурджээ.

 2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд “Эрүүл мэндийн хичээл”-ийг “Хүн ба Орчин”, “Хүн ба Байгаль”, “Хүн ба Нийгэм” хичээлд интеграци байдлаар тусган оруулах болсон. Энэ хугацаанд эрүүл мэндийн хичээлийг голд нь тасалсан удаа байхгүй ч, мэргэжлийн бус багш нар орж байсан  нь өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн хичээлийн агуулгыг бүрэн хүргэж чадаагүйтэй холбоотой гэж судлаачид үзжээ.

Харин өчигдөр эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв /НЭМҮТ/,НҮБ-ын хүүхдийн сангаас Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамдын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Энэхүү уулзалтын хүрээнд эрүүл мэндийн хичээлийг 2018 оноос эхлэн интеграци аргаар биш, тусад нь бие даасан хичээл хэлбэрээр, сэтгэц заслын хамт орохоор болсныг мэдэгдсэн юм.

+ There are no comments

Add yours