Thursday, April 25 2024

Германы GIZ-ийн хамтарсан төсөл хаалтаа хийв

Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчин, тогтолцоог шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн хаалтын арга хэмжээ өчигдөр боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран 2015 оны нэгдүгээр сараас энэ оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд дээрх төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ төслийг Монгол, Герман орны Ашигт малтмал, технологийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яам санхүүжүүлсэн ажээ.

Төслийн хаалтын арга хэмжээний үеэр төслийн үр дүнг дүгнэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэтгэлийн 10 жилд зориулсан нэвтрүүлгийг танилцуулсан байна. Мөн энэ салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, санал солилцжээ. Энэхүү төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаанаас дурдвал 2015 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, 2015-2017 онуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам, стандартуудыг шинэчилсэн юм байна.

Жишээ нь тоосны 4 стандарт боловсруулан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын удирдах болон мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр гадаадад 6 удаагийн сургалтад нийт 55 төлөөллийг, дотоодод 30 гаруй удаагийн сургалт хэлэлцүүлэгт 21 аймгийн 600 гаруй төлөөлөлийг хамруулсан байна. Уул уурхайн эрсдэл ихтэй ажлын байруудын зааварчилгааг боловсруулан гаргасан нь энэхүү төслийн нэг томоохон ажил болжээ. АШУҮИС-ийн Орчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн лабораторид хэмжилтийн багажийн дэмжлэг үзүүлэн мөн тус лабораторийг итгэмжлэх авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлснээр компаниуд дотоодод нарийн хэмжилтийг хийлгэх боломжтой болсон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлын үнэлгээ, энэхүү салбарын хүний нөөцийн гэх мэт 10 гаруй судалгааг хийж цаашид энэ салбар судалгаан дээр суурилсан бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн ажээ.

Д.Думаа

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: