Зохиолчийн ур чадвар…

Зохиолчийн ур чадварын тухай сүүлийн үед бас бус юм бодогдоод байдаг болсон шүү. Энэ нь явж явж онгодын тухай бодол болж хувирдаг. Зохиолчийн онгод бөөгийн онгод хоёр холбоотой ч юм шиг, тэс хөндлөн ч юм шиг. Соёо туужийг бичиж байхад гэр дээгүүр хөнгөн хөлтэй амьтан сүр сар хийж гүйгээд ямар нэг хүн гэрийн гаднаас дуудаад байсан нь бас бодогдоод л явдаг. Гарахаар мэдээж хэн ч юу ч байхгүй байх гэх мэт.
Нийгмийн сэтгэл зүйд бүрэлдээгүй байсан зүйл зохиолд бичигдчихээд тухайн үедээ хүмүүст загнуулж, зэмлүүлж явах нь ч байдаг. Гэтэл арав, хорин жилийн дараа мөнөөх үйл явдал амьдралд хэрэгжчих тохиолдол гарах л юм. Ингэхээр зохиолч муу ёрлосон нэр зүүдэг. Яг муу ёр уу аль эсвэл болох үйл явдал дохиогоо илгээснийг зохиолч хүлээж авсан уу бас л эргэлзээтэй асуулт. Ялангуяа Нацагдорж, Чойном, Намдагийн зохиолуудыг уншиж байхад ийм зүйл илэрхий мэдрэгдээд байдаг нь ямар учиртай юм бол. Гэтэл энэ тухай нарийвчилж үзсэн зүйл судалгааны эргэлтэнд ч, шүүмжүүдэд ч харагдахгүй байх шиг аль эсвэл олж уншиж чадахгүй байгаа юм болов уу.

+ There are no comments

Add yours