С.Батболд: Төрийн захиргааны байгууллагын ил тод байдалд анхаарал тавьж ажиллана

Нийслэлийн Засаг дарга С.Батболдоос Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд болсон “Сайн засаглалын ёс зүй, шударга байдал” сэдэвт сургалтын талаар тодруулга авлаа.

-Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагууд хамрагдаж байгаа сургалтын талаар мэдээлэл авах гэсэн юм?

-Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн үйлчилгээний соёл, албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэхэд байгууллага, албан тушаалтнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тэдний санал санаачилга, ёс зүйн хорооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах зорилтын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ес зүйн хорооны дарга гишүүдэд “Сайн засаглалын ёс зүй, шударга байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.  Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны удирдлагууд, алба хаагчдыг хамруулсан.

– Энэ сургалтын онцлог нь юу вэ?

-Энэ удаагийн сургалт маань Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Төрийн албаны ёс зүй гэсэн гурван томоохон сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан онцлогтой. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Г.Зоригтбаатар, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Монгол Улсын их сургуулийн зочин профессор, филсофич, ёс зүй судлаач доктор профессор Себистиан Лала нар уригдан ирж нийслэлийн нутгийн захиргааны удирдлагууд, алба хаагчдад сонирхолтой сэдвээр лекц тавьж, харилцан ярилцаж, мэдээлэл солилцсоноороо давуу талтай гэж үзэж байна.

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал ямар байгаа гэж та хэлэх вэ. Цахим мэдээллийн хуудсын хөтлөлт хэр байдаг юм бол?

-2017 онд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  үйл ажиллагаа, ил тод байдал, удирдлагын ёс зүйн зөрчлийн талаарх холбогдох мэдээллийг хянах ажлын хүрээнд нийт 33 агентлагийн цахим хуудасны ил тод байдлыг хянаж үзсэн байгаа. Ингэснээр цахим хуудаснуудын үйл ажиллагаа, шилэн данс, хүний нөөцийн мэдээлэл, газрын даргын тушаал шийдвэрийг оруулан байдал зэргээс үзэхэд 70 хувь нь мэдээллээ маш сайн оруулсан бол 25 хувь нь сайн, 5 хувь нь муу оруулсан дүгнэгдсэн байна.  Мөн мэдээ, мэдээллээ тогтмол оруулдаг 29 агентлаг, тухай бүр шинэчилдэг 3 агентлаг, нэг сараас дээш хугацаанд шинэчилдэг нэг агентлаг байна.  Харин газрын даргын тушаалыг тогтмол оруулдаг 7 агентлаг, сүүлийн 2-3 сарын хугацаанд багтааж оруулдаг 3 агентлаг, сүүлийн 3 сарын дотор огт оруулаагүй 23 агентлагт муу үнэлгээ тавьсан байна. Тиймээс цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд цахим хуудсаа тогтмол хөтөлж, төрийн захиргааны үйл ажиллагааны ил тод байдалд анхаарал тавьж ажиллахыг шаардаж ажиллана.

+ There are no comments

Add yours