Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Сүүлийн 4, 5 жилийн бодлогын алдаанаас болоод төсвөө алдагдалтай баталж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 84.6 хувийн саналаар баталлаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 87.2 хувийн саналаар дэмжиж баталсан юм. Үргэлжлүүлэн 2018 оны Улсын Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Уг хоригийг Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжээгүй юм.

Хориг болон Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэллээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийг алдагдалгүй болгочихвол өргүй байх боломж бүрдэнэ. Харамсалтай нь сүүлийн 4, 5 жилийн бодлогын алдаанаас болоод төсвөө алдагдалтай баталж байна. Төсвийн алдагдал 2015 онд ДНБ-ий 8.1, 2016 онд ДНБ-ий 17.5 хувьтай тэнцэхээр байна. Үүнээс үзэхээр олон жилийн турш төсөв алдагдалтай явчихсан учраас огцом буулгах боломжгүй.

Төсвийн зардал 9.6 их наяд байгаа. Гэхдээ бид боломжгүй гээд суугаагүй. Төр өөрийнхөө мөнгийг арилжааны банкуудад байршуулаад өндөр хүүгээр зээлж авдгийг бууруулсан. Төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа. Нэн ялангуяа зээлийн хүүгийн зардлыг бууруулах чиглэлээр онцгойлон анхаарч байна ” гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд “Манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсвийг 2007 онд батласан. Үүнээс өмнө дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдалгүй төсөв батлах боломж энэ жил бүрдэж байна.

Тийм ч учраас Ерөнхийлөгч Улсын төсөвт хориг тавьж байгаа. 2012-2016 оны төсвийн орлого зарлагыг нийцүүлж болно. Их үнийн дүнтэй улсын төсвөөс зайлшгүй хийх шаардлагагүй зүйлээ өөр аргаар санхүүжүүлэх хэрэгтэй. Ингээд ОУВС гэсэн зүйл рүү очиж байгаа юм. ОУВС-гийн зааж өгч байгаа бүхэн зөв биш” гэлээ.

С.САРУУЛЗАЯА

+ There are no comments

Add yours