Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавиад буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрээр “Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардал өнгөрсөн оныхоос 475 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал 129,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалаа цомхон болгох шаардлагатай.

Монгол Улс 2012-2016 оны хооронд төсвийн зарлагаа 5.2 их наяд төгрөгт багтаан баталж, алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь ба түүнээс доош хэмжээнд барьж ирсэн байна

Төсвийн хэлэлцүүлгийн үед 58 тэрбум төгрөгийн өртөг бүхий 125 төрлийн хууль зөрчсөн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Үүнийг УИХ-ын гишүүний 3 тэрбум гэж олон нийт нэрлэж байна. Шинээр 67 барилга барихаар 20,2 тэрбум төсөвлөсөн байна. Харин санхүүжүүлэх өртөг нэмэгдсэн 58 объект байна.  Төсвийн алдагдлыг нөхөхдөө нэг бол гадаадын эсвэл дотоодын банкнаас зээл авна. Дотоодын банкнаас зээл авсан тохиолдолд 2,5 их наяд төгрөгийн хомсдол үүснэ. Мөнгө хомсдоод ирэхээр зээл хомсдож, аж ахуй нэгж бүтээн байгуулалт хийж чадахгүйд хүрнэ. Харин улсын төсвийн алдагдлыг бууруулж чадвал тэр хэмжээгээр зээлийн эх үүсвэр банкуудад үлдэж, банкны зээлийн хүү буурах магадлалтай. Ийм хэмжээний мөнгө банкуудад үлдэхээр банкууд зээлийн хүүг бууруулах, хувийн хэвшил тэлэх боломж олгоно гэж Ерөнхийлөгч үзэж байна” гэлээ.

Монгол Улс 2012-2016 оны хооронд төсвийн зарлагаа 5.2 их наяд төгрөгт багтаан баталж, алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь ба түүнээс доош хэмжээнд барьж ирсэн байна. Тэгвэл 2018 онд төсвийн орлого 5.2 их наяд төгрөгт хүрч 2012-2016 оны үеийн төсвийн зарлагын дээд хэмжээтэй тэнцсэн нь алдагдалгүй төсөв батлах боломжийг бүрэн бүрдүүлж байна гэж Ерөнхийлөгч үзжээ.

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан.  Үүний хүрээнд анхаарвал зохих асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна гэж З.Энхболд дарга хэллээ.

Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал зоригтойгоор авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байгааг Ерөнхийлөгч тодотгожээ.

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьж байгааг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд уламжиллаа.