Японы сумогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралдаж, 70 дахь ёкозуна Харумафүжигийн асуудлыг хэлэлцжээ. Өөрөөсөө чансаа доогуур, нутагт нэгт сүмочийг зодож, танхайрсан хэргээр түүнд хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгджээ.

Сумогийн холбооноос хараат бус, гэхдээ нэр нөлөө бүхий, зөвлөх үүрэгтэй Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлсэн байна.

Гэхдээ зөвлөлийн гишүүд одоогоор хэргийн талаар нарийн ширийн, тодорхой мэдээлэлгүй байгаа, тиймээс болсон хэрэг явдал бүгд тодорхой болмогц Ёкозунагийн зөвлөл ээлжит бусаар дахин хуралдах боломжтой гэж зөвлөлийн тэргүүн хэлжээ.

Кюүшюү башёд түрүүлж, 40 дэх түрүүгээ авсны дараа их аварга Хакухо М.Даваажаргал үг хэлэхдээ, Харумафүжи, Таканоива нарыг хэн хэнийг нь сүмогийн дэвжээнд дахин барилдахыг харахыг хүсч байна хэмээсэн билээ. Гэтэл Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Масато Китамура их аваргын хэлсэн үгийг байж боломгүй хэмээн шүүмжилсэн байна. Тэрбээр мөн “Харумафүжигийн асуудал сүмогийн ертөнцийг донсолгож байхад Хакухо яаж үзэгчдээс уухайн түрлэг /банзай/ хүсэж чадав” гэжээ.

Түүнчлэн “Сумогийн нэрийг айхтар ноцтой сэвтээсэн хэрэг гарлаа. Энэ хэрэг үзэгч, хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалсан” гэж Китамура хэлснийг Киодо агентлаг дамжуулжээ.

Японы сүмогийн холбооноос Харумафүжиг сумогоос хөөх, хүчээр зодог тайлуулах, эсвэл хэдэн башё дараалан өнжих зэрэг шийтгэлийн аль нэгийг оноох бололтой.

Хэргийн гэрч болсон ёкозуна Какурюү М.Ананд, сэкиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар өнгөрсөн долоо хоногт цагдаад мэдүүлэг өгчээ. Харин Хакухо М.Даваажаргал өнөөдөр  Тотторид очиж, гэрчийн мэдүүлэг өгөх аж.

С.Онон

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.