Header Image

НАМЫН ДАРГЫН ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХЭНД ХЯЗГААР ТАВИНА

НАМЫН ДАРГЫН ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХЭНД ХЯЗГААР ТАВИНА
 МАН-ын 28-р их хурал өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн. Арваннэгдүгээр сарын 20-23-нд болсон их хуралтай холбогдуулан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Их хуралд тус намын 211.000 гишүүнийг төлөөлсөн 1283 төлөөлөгчид мандат олгосон ба тэдгээрийн 696 нь буюу 53,2 хувь нь их хуралд анх удаа сонгогдсон төлөөлөгчид байжээ.  Түүний хэлснээр 30 гаруй төлөөлөгч их хуралдаа оролцоогүй юм байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын танилцуулснаар их хуралд оролцсон төлөөлөгчдийн

  • 306 нь буюу 23,4 хувь нь эмэгтэйчүүд
  • 235 буюу 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд
  • 514 буюу 39,3 хувь нь 36-45 насныхан
  • 419 буюу 32 хувь нь 46-60 насныхан
  • 97 буюу 7,4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байжээ.

Хамгийн ахмад төлөөлөгч нь 100 настай, ахмад дипломатч, Монгол Улсын баатар, Ю.Цэдэнбал агсны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Шагдарсүрэн байсан бол хамгийн залуу нь Дорноговь аймгийн Өргөн сумын намын байгууллагын гишүүн, 22 настай Т.Цэнд-Аюуш байжээ.

Төлөөлөгчдийн 1172 буюу 89.5 хувь нь дээд боловсролтой, доктор, доктор профессор, дэд профессор 41, магистр зэрэгтэй 270 буюу 21 хувь байна.

Төлөөлөгчдийн 286 буюу 22 хувь нь эдийн засагч, 220 буюу 17 хувь нь инженер мэргэжилтэй байжээ.

Их хуралд 158 хуульч, 161 багш, 49 эмч, 400 хөдөө аж ахуйн мэргэжилтэн, сэтгүүлч, улс төр судлаач, социологич бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогдсон ба бизнес эрхлэгчдийн төлөөлөл 321 буюу 24.5 хувь байсан талаар мэдээлэлд дурьдав.

-Энэ удаагийн их хурлаас намын эв нэгдлийг хангаж, 2016 онд ард түмний МАН-д өгсөн өндөр итгэлийг дааж гарах нь чухал гэдгийг их хуралд оролцсон төлөөлөгчид чухалчилсан. Үүнтэй холбогдуулан намын дүрэмд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, аймаг, сум, дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид эв эеэ хичээж, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг тусгасан. Энэ заалтыг хэрэгжүүлээгүй намын гишүүнд хариуцлага тооцно. Намын хяналтын ерөнхий хороо, Ёс зүйн хороодыг байгуулж, хяналт тавихаар ажиллаж байна.

Намын дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан.  Тухайлбал, Намын Бага хурлын гишүүд 315 байсныг 369 болгож, Удирдах зөвлөл 33 гишүүнтэй байсныг 29 болгож бууруулсан.

Намын шат шатны байгууллагын эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувь байхаар тогтож, намын анхан шатны байгууллагын төлөөллийг 30 хувиас доошгүй байхаар тусгасан.

Мөн эрх барьж байх үед намын Ерөнхий нарийн бичгийн дарга,  сөрөг хүчин байхад намын дарга нь Удирдах зөвлөлөө даргална гэсэн заалт байсныг ямар ч тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлөө даргалдаг байхаар өөрчилсөн. Ялангуяа эрх барьж байх үед намын даргын хэмжээгүй их эрх мэдлийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллах, намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх, намаас томилогдсон албан тушаалтанд хариуцлага, хяналт тавьж ажиллах боломж нээгдэж байгаа.

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.