ИХ САНАСАН ГАЗАР…

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг тав дахиа уг салбарын сайдаар томилогдоход олны ам машид сайн байв. Учир нь залуу наснаас өтөл хүртлээ бүхий л насаа УИХ, Засгийн газар, хууль зүйн салбарт өнгөрүүлж, ард иргэдийнхээ дунд “шударга” хэмээн үнэлэгддэг болохоор У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрт олон нийт талархалтай хандаж байв. Монголчууд шогч ард түмэн. Их санасан газар есөн шөнө хоосон хонох хэмээдэг хэлц нь үнэн үгийг шоглоод хэлчихдэг ард түмний их ухааны өчүүхэн тасархай төдий… Ингэхэд Ц.Нямдоржоос шударга ёсыг хүсч байсан олон нийт “есөн шөнө хоосон хонож” эхэлсэн юм биш байгаа…
ДАРГА ДАГАСАН “ХҮН СҮРЭГ”
Ийн нэрийдсэн маань учиртай. Цагдаагийн ерөнхий газрын даргаар эргэн томилогдоод удаагүй байгаа С.Баатаржав тус газрын зөвлөлийн гишүүд, газар, хэлтэс, албадын дарга нарын халаа сэлгээгээр ажлаа эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Сахиулах сургуулийн даргын зөвлөлийн хурандаа нар төв рүү татагдан газар, хэлтсийн дарга нараар томилогдож, Ерөнхий газар, нийслэлийн цагдаагийн газарт ажиллаж байсан дарга нар Хууль сахиулах сургууль руу шилжиж эхэлсэн нь нөгөөх нэмэгдэхүүний байрыг соливч, нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг харуулсан үйлдэл болов.
Аль нэг даргыг “дагаж”, арай соёлтой хэлбэл “фракцын нь гишүүн” гэгдэх хэсэг бүлэг хүмүүс төрийн нэртэй бүхий л байгууллагад байдаг. Энэ жишиг ч цагдаагийн байгууллагад маш том байр суурийг эзэлнэ.Түүгээр зогсохгүй, ил биш ч далд намын харьяалал, хурандаа, генералын сүлжээ бүхий “тэрний хүн” гэсэн хаягтай олон нөхөд хурган төлгөн дарга нараас төдийгүй үүдний жижүүрт хүртэл “сууж” л байдаг нь гэм биш зан. Энэ утгаараа дарга хэмээх дээд эвэртэн аль нэгэн намын, сайдын татаас, түлхээсээр албан тушаалд очиход туслахаас эхлээд туйлширсан дарга нар хүртэлээ хэсэг бүлэг хүмүүс баг болон дагаж явах нь бий.
Энэ дүр төрхийг ч сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад өгсөхөөрөө Цагдаагийн ерөнхий газрын дарга, уруудахаараа Хууль сахиулах сургуулийн дарга хэмээх албан тушаалаас буухаа байсан Сэлэнгийн тодотголтой С.Баатаржав хэмээн энэ эрхэм харуулах болов.
ЦАГДААД БОЛОВСОН ХҮЧИН “БАЙХГҮЙ” ГЭЖ ҮҮ…
Цагдаагийн байгууллагад боловсон хүчин “байхгүй” гэдгийг сүүлийн үед хийгдэж байгаа тус салбарт хийгдэж байгаа томилгоо бэлхэнээ харуулах болсон гэнэ. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг чөлөөлж, Хууль сахиулах их сургуулийн дарга С.Баатаржавыг томилов. Үүний өмнө, С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхад нь үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ө.Энхтөрийг тус албанд томилж байсан юм. Түүгээр зогсохгүй С.Баатаржавыг Нийслэлийн цагдаагийн даргаар ажиллаж байхад тус албан тушаалаас нь чөлөөлж, тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийн оронд томилж, Ө.Энхтөрийг Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилж байв. Энэ бол 2012-2017 оны хооронд буюу таван жилийн доторх үйл явц. Өөрөөр хэлбэл “намтар зузаалах” хэмээн сүүлийн үед албан тушаалтнуудын дунд хэлэгдэх болсон арга хэмжээний нэг хэлбэр л дээ. Мөн залгамж халаагаа, за тэгээд “энэ миний хүн”, эсвэл “энэ хаана ч хэний ч баг байж мэдэх хүн” гэдгийг тодотгосон “хошин” үйл явцын нэг хэсэг өнөөдөр үйл хэрэг болоод зогсохгүй “толгой” салбарт “тонгочиж” буй нь энэ болов.
Агентлагт даргаар томилогдож байгаа этгээд бүү хэл аль нэгэн салбарын сайдаар ирж байгаа этгээд туслахаасаа эхлээд жижүүр хүртэл “багаа авчран” халаа сэлгээ хийдэг жишигт монголчууд аль хэдийнэ дассан. Үүнийг харин ч нэг сайн үргэлжлүүлдэг газар бол цагдаагийн байгууллага. Нам доторхи томилгоо байсан ч халагдах солигдох бол гарын алга урвуулах ажил. Нэгэнтээ хурандаа цолоо зүүгээд найраа хийчихээд ажилдаа иртэл цол нь буураад хураалгаж байсан эмгэнэлийг түүх болгон үлдээсэн Х.Тэмүүжин сайдын балаг мартагдаагүй энэ салбарт өглөө томилогдоод өдөр нь ажлаа аваад, маргааш нь дахин шинэ албанд томилогдсон “албан тушаалын тэнгэртээ” нөхөд ч өнөөдөр зарим нь ажлаа хийгээд зарим нь албаа хашаад бүүр зарим нь …
Тэр бүү хэл дарга нь солигдоод албан тушаал нь буурахаар гоморхсондоо гадаадын орон руу “сургуульд явчихдаг”, солигдсон дарга нь эргээд албандаа ирэхээр гадаадын сургуулиа “төгсөөд” эргэд ирээд дарга болчихдог “тэнгэр заяатай”, зүгээр л даргын суудлын тэнгэртэй этгээл бас л цагдаад байна. Эсвэл аль нэгэн нөлөөтэй даргын “ангийн хүүхэд” гээд 60 хүрсэн ч тэтгэвэртээ гардаггүй тэнгэрлэг хиймортой “дарга өвгөцүүл” аанай л цагдаад бий. Мартсанаас Замын цагдаагийн газрын даргаар Хууль сахиулах сургуулийн албаны даргаар ажиллаж байсан С.Амарсайхан хурандаа томилогдсон сурагтай. Бодвол хуучин дарга нь Хууль сахиулах сургууль руу томилогдох юм болов…
МОНГОЛ ТӨРИЙН ГОМДСОН ЦАГДАА
Энэ хэсэгт орж байгааг би бичсэнгүй. Харин хуулбарлаж тавив. Тэгээд дээрх гарчигийг өгөв. Учир нь энд бичигдсэн дээр нэмж хэлэх нэг ч үг надад алга. Гэхдээ үг байхгүйд биш үнэндээ “элэг эмтэрч” байгаа учраас тэр юм. Цагдаагийн алба хаагчдын эрх ашгий хамгаалах холбоо, цахим цагдаа зэрэг сошиал хаягуудад тавигдсан нийтлэлийг ямар ч засваргүйгээр хүргэхэд, “ЦЕГ-н дарга Баатаржав томилогдсоны дараа ЦЕГ- н зөвлөлийн гишүүд болох албаны дарга нарыг бүгдийг нь ажлаас нь чөлөөлж, холио, сэлгээ хийж томилгоонууд эхэлсэнтэй холбогдуулан доошоогоо нэгжүүд болох аймаг, дүргүүдийн газар, хэлтсүүд рүү томилгоонууд хийгдэж эхэлж байна.
Энэ бүх томилгоонуудтай давхцан алба хаагчдаас нэг ийм гомдол ирлээ.Халаа сэлгээ хийгдээд удирдлага солигдохоор л ЦЕГ, НЦГ- н шалгадаг хянадаг хэдэн хэлтэс, тасгийн дарга, ахлахуудын үйл ажиллагаа эрчимжээд, шинэ удирдлагадаа таалагдахын тулд хэнийг ч хамаагүй пактлуулаад өчүүхэн ч өөг алгасахгүй, хэрэгтэй, хэрэггүй зөрчил зааж, өөлөөд эхлэх юм. Тэгсэн мөртлөө бэрхшээл, зовлон, шалтгаанаа тайлбарласан алба хаагчийг тайлбар тавьлаа, хэлбэр дүрсээрээ эсэргүүцлээ, удирдлагын шаардлага эсэргүүцлээ гэх шалтгаанаар улам ухаж төнхөнө.
Илрүүлсэн гээд байгаа зөрчлүүд нь нэгжийн алба хаагчдын ажил, амьдрал, хүндрэл бэрхшээл, зовлонг мэддэг хүнд бол инээд хүрмээр, бүр уур, дургүй хүрмээр юмнууд бичнэ.Нөгө өхөө албан бичгээр хэлтсийн удирдлага руу нь явуулаад зөрчлийг арилгуул, хариуцлага тооцож дүнг ирүүл гээд л сүржин, сүрдүүлгийн үгтэй албан бичиг болгон илгээнэ.
Хамгийн муухай нь шалгалт болгон “Муу л бол хойд талын хар овоохой”, “Номхон тэмээг ноолоход амар” гэгчээр нөгөө муу үйлийн лайтай Хэв журмын албаныхан тэр дундаа МАШИНТ ЭРГҮҮЛ, ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАР.
Бусад алба, алба хаагчдыг яаж ч байсан тоохгүй, тооё ч гээд зөрчил, дутагдлыг нь илрүүлэх мэдлэг нь дутдаг юм уу, эсвэл тэднээс айгаад байдаг юм уу бүү мэд. Уг нь тэр шалгагч нарыг харахаар хэдхэн жилийн өмнө нэгж дээр ажиллаж байсан ажил, амьдрал мэддэг хүмүүс олон л харагдах юм. Гэхдээ тэд өөрсдөө л даргадаа таалагдаж, “коко” авч байвал бусад хүн яах нь /цалин мөнгө хасуулах, дарамт шахалтанд орох, доромжлол тохуурхал сонсох, стресс бухимдалд орох/ огт хамаагүй юм шиг байгаа юм.
Хотын захад улаан шороо, шавар шалбааган дунд, хувцсандаа хөнгөрсөн, хүндэрсэн, бөөлжсөн, цус нөж, тоос шороонд холилдсон хүмүүсийг зай завсаргүй зөөж байгаа машиныг автомашиныг тоосгүй, шавар шавхаагүй, гялтгасан байх ёстой гэнэ, Хөөрхий муу алба хаагчид тийм байлгахын тулд өвлийн хар хүйтэнд байнга угааж арчиж байх ёстой юм гэнэ, угааж арчиж чадахгүй бол хүүхдийнхээ талхны мөнгөөр угаалгын газарт очиж угаалгах ёстой гэнэ, эсвэл угаалгын газрын эзнийг дарамталж, өөг нь олж шантаачлан байж угаалгах ёстой юм гэнэ. Шалгагчдын заадаг мундаг зөрчлүүдийг дурьдаад байвал дуусахгүй, зах зухаас нь дурьдахад энэ байна даа. Ухаант дарга нарын мэлмийд хүрч нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгаасай даа. “Алба хаагчдаас”
Д.Харцага

6Comments

Add yours
  1. 1
    ахмад

    Цагдаагийн байгууллага шинэ шатанд гарч ажиллах цаг болсон. Өмнө байгаагүй гэмт хэргүүд ихээр гарах боллоо. Гэтэл цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчин, тусгай хэрэгсэл, эрх хэмжээ тэр хэмжээнд хүрэхгүй байна. Тухайлбал цагдаагийн өөдөөс салаавч өгсөн залуугийн үйлдэл байна. Хуульч хүний баримтлах зарчим бол хууль юм. Гэтэл даргын дохио зангаа, хүслээр нь асуудалд хандах явдал нийтлэг байна. Тийм ч учраас хууль дагсан биш дарга дагсан чадалгүй, ноомой улсаар цагдаагийн эгнээ тэлсээр байна. Амарболдоос эхтэй ангийн бүлэг удирдах ажлыг гартаа ээлжлэн барьж ирлээ. Энэ бүх зүйлийг засахгүйгээр дотоодын хяналт сайжрахгүй. Цагдаа улс төрөөс ангид ард түмний эрх ашгийн талд зогсож, аюулгүй байдлыг баттай хангах үүрэгтэй. Цагдаа шинчлэгдэх цаг болсон.

  2. 2
    цагдаагийн эцэг

    Яг голын олж хэлжээ хэдэн хөөрхий хэв журмын эргүүл машинтай эргүүл энэ хэдхэн цагдаа Монголын цагдааг сайн муутай нь авч явдаг юмдаа

  3. 3
    цагдаагийн эцэг

    Яг голын олж хэлжээ хэдэн хөөрхий хэв журмын эргүүл машинтай эргүүл энэ хэдхэн цагдаа Монголын цагдааг сайн муутай нь авч явдаг юмдаа

  4. 4
    цагдаагийн эцэг

    Яг голын олж хэлжээ хэдэн хөөрхий хэв журмын эргүүл машинтай эргүүл энэ хэдхэн цагдаа Монголын цагдааг сайн муутай нь авч явдаг юмдаа

  5. 5
    Иргэн

    Хэзээ цагдаагийн цалин мөнгө эрх зүйн байдал өндөрт тавигдаж бусдаас хараат бус ажлаа хийх бэ

  6. 6
    БОГИЙ

    ТИЙМ Л ЦЭВЭРХЭН БАЙЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ХОГНЫ УУТ ШИГ ТОМХОН УУТ ӨГЧ БАЙХГҮЙ ЮУ. ТЭГЭЭД МАШИНД СУУЛГАХЫН ӨМНӨ ТЭР УУТАА УГЛУУЛЖ БАЙ. ХӨӨРХИЙ ХЭДЭН ЦАГДААГ ТАМЛАХАА БОЛЬМООР ЮМ.

Leave a Reply to ахмад Cancel reply