Өөрсдийн эрх ашгийг хамгаалчихаад, иргэдийнхээ эрхэн дээр дэвсэлж байна

-Сүлжээгээр бүх иргэнийхээ өр, зээлийг бүртгэж авсан нь хүний эрх зөрчсөн явдал-
Монголчууд бид ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгэмд амьдарч байгаа. Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахина гэдгээ заачихсан. Тэгэхээр гаднаас нь харахад бол ардчиллын хамгийн үнэт зарчим хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалдаг мэт харагдавч ачир дээрээ энэ бүгдийгээ уландаа гишгэж явдгийн жишээ баримт захаас аваад замаар нэг хөглөрч байгаад сэтгэл эмзэглэдэг.
Асар уудам газар нутагтай, арвин их эрдэнэс, баялагтай хэдий ч түүнийгээ зөв ашиглаж чаддаггүй. Тиймээс улс орон хөгжиж цэцэглэх нь удаан. Хүн ардын амьжиргааны төвшин “0” заадаг.
Өнөөдөр монголчууд бид өрөн дунд амьдарч байна. Улсынхаа нийт өр, зээлийг хуваагаад үзвэл нэг хүнд энэ яваа насандаа бүү хэл дараагийн хэдэн үе удамдаа ч төлж дийлэхгүй тоо гарна. Энэ бол сэтгэл эмзэглүүлдэг, ард түмнийхээ хийморь лундааг хамгийн муухайгаар доош татдаг үзүүлэлт мөн. Нийт хүн амын маань дийлэнх, олонхи нь ядуу гэх ангилалд багтана. Үүнээс гадна амьжиргааны доод төвшин буюу эмзэг хэсгийхэн гэж байна. Тэднийг ажилгүйгээсээ болж, ядуу амьдарч байгаа хэмээн тодорхойлохдоо хэнбугайн ч нүүр улайдаггүй.
Тэгвэл ажил хийгээд, хийгээд арайхийн хоногийн хоолоо л залгуулахаас биш үзэх харах, сурах, боловсрох талаар ярих боломжгүй. Тиймээс цалингийн, тэтгэврийн, байрны, түрээсийн, банкны… гээд баахан өр зээлэн дунд амьдарч байгаа нь өнөөдрийн үнэн төрх. Улс нь баахан гоё нэртэй бондын өрөн дунд хөлбөрч, иргэд нь өөр хоорондын өр зээлэн дунд бэдэрч яваа юм. Энэ бүхэн нь төр, засгийн буруу, муу үйл ажиллагаатай л холбоотой болохоос хүнтэй, иргэнтэйгээ холбож үзэх аргагүй ээ. Амьдрахын төлөө, алаг үрсээ тэжээх гэж л зүтгэж яваа нь нүдэн дээр ил байгаа шүү дээ. Арчаагүй, амиа ч хоохойлох чадваргүй цөөн хэсэг байгаа. Тэдний тухай яриад ч нэмэргүй. Аль ч оронд, ямар ч нийгэмд тийм хэсэг бүлэг цөөнх байдгийг дэлхий дээрх улс орны хаанаас нь ч харж болно.
Өрнөөс өрний хооронд сөхчин, амьдрах гэж ядаж яваа иргэдээ төр, засаг нь харж үзээд гийгүүлэхгүй юмаа гэхэд тэдэнд ямар нэг дарамт шахалт үзүүлж, мухар булан руу улам шахаж, зүдрээхийн учир юу вэ гэх асуултанд хариулт авах гэж л үүнийг бичлээ.
Өргүй хүн алга. Өр зээл тавилгүй амьдрах арга, боломж бүүр байхгүй гэдэгтэй төрийн толгойд суугаа, түмний итгэл үнэмшлээр дээш заларсан, эрх мэдэлтнүүд санал нийлэх буй за. Гэсэн хэдий ч ядарсан иргэдийнхээ эрх рүү ямар увайгүй, муухайгаар халдаж байгааг харуулсан ганцхан жишээ дурдая.
Өр, зээлтэй хүн бүрийг толгой дараалан цахим сүлжээгээр бүртгээд авчихжээ. Нэгэнт өглөгтэй л бол бүртгэлд хамруулсан учраас өнөөдөр монголчууд тэтгэвэр, тэтгэлэг, цалингаа хуульд заасан, хуулиар тогтоосон хэмжээний дагуу бүрэн авч чадахгүй байна. Яагаад…
Улсын хэмжээнд өр зээлтэй хүмүүсийг их, бага ямар ч учир шалтгаан, үнийн дүн хамааралгүй, ялгамж, ангилалгүйгээр бүртгэлд хамруулсжээ. Нэгэнт энэ хар дансанд орсон учраас аль ч банкны нэрийн данс, карт руу мөнгө шилжин ороход “хооб” гээд суутгаад авчихна. Ийм аймшигт сүлжээг Монголбанкаар дамжуулан монголын бүх банкинд суулгачихаж.
Нэг жишээ дурдая. Гэр бүлийн хоёр хэдэн сар хөөцөлдөн байж ББСБ-аас зээл авахаар болжээ. Шаардлагатай бүх л материалыг бүрдүүлээд, яг мөнгөө авдаг дээрээ тулж. Гэтэл маргааш өглөө нь:
-Уучлаарай, та өртэй юм байна. Тиймээс таны хүссэн мөнгийг өгөх боломжгүй боллоо гэсэн хариу өгчээ.
Аргаа барсан хүмүүс “Юун өр билээ” гэх эрэлд гарсан байна. Тэгсэн чинь гар утасны дараахь төлбөрт дугаарынхаа төлбөрийг төлөөгүй хэд хоног хугацаа хэтэрсэн байж. Ямар ч байсан хямд хашаа байшинтай болох гэж чармайсан гэр бүлийнхэн утасны төлбөр төлөхөө хүртэл түр хойшлуулаад зөвхөн өөрийн гэсэн орон байртай болохыг л зорьсон хэрэг шүү дээ, уг нь.
-Утасны төлбөр гарсныг мэдэлгүй яах вэ. Сануулга өгдөг. Тэгээд ч гадагш ярих эрх нь цуцлагдсан байсан. Гэхдээ ямар ч байсан зээлээ авч, хашаа байшинтай болъё л гэж зүтгэсэн. Утасны төлбөр 92000 төгрөг гарсан байсан… Ингэж сүлжээгээр өртэйд тооцдогийг огт мэддэггүй. Утасны төлбөрөө төлөх л байсан. Завгүй, бас үнэхээр байшин авах гээд хугацааг хэтрүүлсэн байсан…
Энэ бол иргэний үг. Хуруу хумсаа хугалан байж хамаг л эд хөрөнгөө барьцаанд өгөөд зээл авах гэтэл Монгол төрийн “мангас” хаалт тавьсан гашуун баримт энэ.
Ингэж хүний эрхэнд увайгүйгээр халдахын учир юу вэ. Хариулт хайцгаая.
Тэртэй тэргүй гар утасны оператор компани өөрийн шугамаар шаардаж, хэрэглээг зогсоодог тогтолцоо байсаар атал түүнд зориулсан бас нэг хууль үйлчилж, банк санхүүгийн байгууллагаар дамжуулан хаалт тавьж байгаа нь төр нь иргэнийхээ эрхийг хязгаарласан, эрхэнд нь бүдүүлгээр халдаж байгаа хэрэг бус уу. Энэ тухай, ийм хар, хатуу аргаар иргэдээ хянаж байдгийг иргэд тэр бүр мэддэггүй ажээ. Мэдсэн ч аргаа барж, амандаа үглээд өнгөрүүлнө. Гэтэл үнэн хэрэг дээрээ Монголын бүх банк сүлжээгээр иргэдээ өр, зээлээр нь дарамталж байгаа энэ систем бол хүний эрхэнд дэндүү бүдүүлгээр халдсан, төр нь иргэндээ хүч хэрэглэж байгаа хэрэг мөнөөсөө мөн. Өр зээлийг төлөхгүй. Түүнээс дайжих бултах боломж олгох гэсэндээ биш ээ. Заагтай, ялгамжтай, ангилалтай арай л өөр нөхцөл байдлаар хандахгүй бол нэг гар утасны төлбөрөөс болоод иргэн зээл авч чадахгүй байгаа нь ардчилсан Монгол улсын иргэний эдлэх учиртай эрхийн хэм хэмжээ зөрчигдөөгүй гэж үзэхэд хэцүү байгаа биз дээ.
Энэ өр зээл бүртгэдэг, асар их хөрөнгөөр босгосон сүлжээнээс чинь өнөө л хуйвалдаан, танил тал тохой татсан дүр зураг чинь тодоос тод харагдаж байна. Монголын бүх банк санхүүгийн байгууллага бол хэн нэгэн энгийн иргэний өмч биш. Тэдний оролцоо огтхон ч байхгүй. Харин төрийн болоод эрх мэдэл атгасан цөөн хэдхээн хүний л өмч, хувь, эзэмшлээс бүрдэж байдаг. Ашиг, орлоготой энэ хэдэн утасны операторууд ч адилхан. Хэний мэдэлд, хэн ард нь байдгийг иргэд гадарлаж л байгаа. Тиймээс өөрсдийнхөө эрх ашиг, мөнгө хөрөнгийг хамгаалж, арвижуулах гэсэн атгаг хар санаагаараа иргэдийнхээ өр зээлийг улсын хэмжээнд нэгдсэн бүртгэлд оруулж авсан хэрэг. Иргэн хэн нэгэнд нэг төгрөгийн өглөгтэй ч байсан “өртэй” гэх дансанд цахим сүлжээгээр дамжаад орчихдог ийм башир тогтолцоо бий болоод уджээ. Хүний эрх хамгаалах учиртай, тодруулж хэлбэл ХҮЭК-ынхон энэ бүгдийг нягтлан харж, иргэддээ хариу өгнө гэдэгт итгэж байна.
Энэ бол язгуур биш явцуу эрх ашгийн төлөө үйлчилж, олонхийн эрхэнд халдсан башир арга юм.
Р.Батболд

3Comments

Add yours
  1. 1
    Zochin

    Orgui hun mongoloos haival nogoo l oligarhiud, toroos torson gegddeg terbumtnuud l oldoh bh. 500sayas deesh orlogo bolon hadgalamjtai irgedees tor 40huviin tatvar avah heregtei sh de. Deer ni bankuudiin huu ondor bgaa ni jiriin ard irgeded hund tusch bna. Gadaad ornuudad jiliin 0.6-1.0 orchim baihad manai bankuud sariin 1.4-2.0 bgaa ni irgedee shulsan luivar bolson bna. Ene ni bank bolon terbumaar hadgalamj ezemshdeg tsoohon huniig l ulam bayajuulj, jiriin irgediig ulam yaduuruulj bgaa hereg. Ene sistemiig oorchlohgui bol bayan hoosnii yalgaa ihsej ard tumen tevchihgui l bh shuu

  2. 2
    бид капиталист нийгэмд

    бид капиталист нийгэмд амьдарч байгаа бол тэр нийгмийнхээ хуулиар амьдрах ёстой хэрэглэсэн утасныхаа хэдхэн мөнгийг төлөөгүй гар авсан зээлээ төлж харагдаач ер нь бол найдваргүй зээл нэрийн дор зээлээ буцааж төлдөггүй хэнэггүй нь дэндсэн луйварчдыг алхам дутамд нь ингэж хашрааж байх хэрэгтэй батболд гуай ийм ухамсаргүй хүмүүсийг яагаад өмөөрч байгааг ойлгохгүй байна 1 төгрөгний үйлчилгээ авсан л бол түүнийгээ цаг хугацаанд нь төлж сурах соёлд суралцах ёстой

  3. 3
    зочин

    Авснаа өгдөг соёл үнэхээр чухал шүү. Энэ соёлыг том том албан тушаалд суусан хүмүүсээс эхлэх учиртай юм аа. Улсын гэх нэртэй татвар төлөгч, ажиллагсдын мөнгөөр баяжчихсан хүмүүс ард түмнээ ингэж цагдаж байгаа шигээ өөрсдийг нь бас мөрдөж хянах л болно. Нээрэн, тэд өөрсдийнхөө өмчийг иймэрхүү маягаао хамгаалж бгаа юм. Иргэднэ үнэгүйдүүлж, мөлхүүлж туйлдуулж сурсан. Хүниы эрхэнд төр нь л халддагиыг эндээс тод харж байна. Өр зээлийг банкны сүлжээгээр барьж хянах буруу. Тусгай өчнөөн хүн цалин аваад ажилладаг биз дээ.

Leave a Reply to Zochin Cancel reply