Фэйсбүүкээр залилан хийсэн байж болзошгүй этгээдүүдийг шалгаж байна

 Бусдын фэйсбүүкийн аккунтыг хакердан тэдний өмнөөс мөнгө зээлж, залилсан байж болзошгүй таван залууг цагдаагийн байгууллага барьжээ. Тэднийг 20 гаруй хүний фэйсбүүкт нууцаар нэвтэрч таван сая төгрөг залилсан байж болзошгүй хэмээн сэрдэж гадуур байцааж эхэлснийг Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга С.Ариунболор өнөөдөр  мэдээллээ.

Монгол Улс 870 мянган фэйсбүүк хэрэглэгчтэй. Тэдгээрээс 600 мянга нь долоо хоногт хоёроос доошгүй удаа фэйсбүүктээ нэвтрэн ордог идэвхтэй хүмүүс аж. Гэхдээ монголчууд фэйсбүүкийг зөв хэрэглэдэггүй. Өөрийнхөө хувийн мэдээлэл, өдөр тутамдаа хаагуур явж, юу хийдгээ нэг бүрчлэн тайлагнадаг. Энэ нь хакеруудын өгөөш болдог байна.

Залилангийн хэрэгт сэрдэгдсэн эдгээр таван залуу цахим орчныг сайн ашигладаг, технологийн мэдлэг сайтай, ул мөрөө тэр даруйд нь устгаж сурсан нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ.  Боловсролынх нь  тухайд компьютер, технологийн чиглэлээр их сургуульд сурч байгаад сургуулиа төгсөлгүй, дундаас нь хаясан залуус аж. Илэрсэн энэхүү таван залуугийн цаана 70 иргэний фэйсбүүкийг хакердаж, ойр дотнын хүмүүсээс нь мөнгө зээлж залилсан этгээдүүд олдоогүй, эрэн сурвалжлагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван сард цагдаагийн байгууллагад 90 иргэн фэйсбүүкийнхээ нууц кодыг алдаж, залилуулсан хэмээн хандаж, гэмт этгээдийг олж өгөхийг хүсчээ. Гэвч цагдаагийн байгууллага одоог хүртэл буруутай этгээдүүдийг олж чадаагүй, хэргийн мөрдөн байцаалт удаашралтай яваа аж. Энэ нь дээрх төрлийн залилангийн хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд нь бүгд технологийн мэдлэг өндөр, гэмт хэргийнхээ ул мөрийг баллах боловсролтой байгаатай холбоотой гэж цагдаагийн эх сурвалж тайлбарлав.

Мөн өнгөрсөн наймдугаар сараас хойш энэ төрлийн гэмт хэрэг гаарах болсныг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас  тодотгож байна. Тиймээс иргэд фэйсбүүк ашиглахдаа нууц кодоо төрсөн он сар өдөр, утасны дугаар зэрэг хайгаад олоход амархан дугаараар хийхгүй байх. Мөн аль нэг найзын чинь хаягаас мөнгө зээлэхийг хүсч, өөр нэрийн дансанд шилжүүлэхийг гуйсан зурвас ирвэл заавал тухайн хаягийн эзэнтэй утсаар холбогдон шалгаж байж мөнгө шилжүүлэхийг анхаарууллаа.

Г.Сонор

+ There are no comments

Add yours