‘Утааны эсрэг ээж аавууд’ ТББ-аас төр засгийн амлалтыг шаардаж жагсаал зохион байгуулна гэв

‘Утааны эсрэг ээж аавууд’ ТББ-аас төр засгийн амлалтыг шаардаж жагсаал зохион байгуулна гэв

Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төр, засгаас амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж жагсаал зохион байгуулах болжээ.

Энэ талаар өнөөдөр тус байгууллагын удирдлагууд мэдээлэл хийлээ. Эхний жагсаал энэ сарын сарын 10-нд НЗДТГ-ын гадна талбайд болно. Дараагийн жагсаал энэ сарын 17-нд Агаарын бохирдлыг бууруулах газар, 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд болох аж. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад НЗД тэргүүлэх үүрэгтэй оролцох ёстой. Тиймээс эхний жагсаалаа нийслэлийн удирдлагуудад хаяглаж байгаа юм хэмээн тус ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хэллээ. Тэрбээр, “Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж, орон сууц барих замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нийслэлийн удирдлагуудын төлөвлөгөөний дагуу бол энэ онд 5000 айлыг дэд бүтцэд холбосон байх ёстой. Гэтэл өдийг хүртэл зөвхөн газар чөлөөлөлтийн ажлаа л хийлээ. Мөн “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр, “Түрээсийн 6000 айлын орон сууц” зэрэг төслүүд хэрэгжүүлэх амлалт нь ч хэрэгжихгүй байна. Түүнчлэн  2017-2020 онд гэр хороололд 100 сервис центр байгуулна гэсэн. Өөрөөр хэлбэл, жилд 33-ыг байгуулах ёстой. Гэтэл энэ онд ердөө эхний таван байршилд л сервис центр барих шав тавилаа. Энэ мэт гэр хорооллын дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас барилга, орон сууц барих ажлууд ч хойшилж байгаа юм. Тиймээс дээр дурьдсан ажлуудаа шуурхай зохион байгуулахыг нийслэлийн удирдлагуудаас шаардах болно” гэлээ.

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагуур худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий “Ногоон зээлийн сан”-гийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа гэдгийг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал мэдээллийн үеэр дурьдлаа.

Тэрбээр, “Ногоон зээлийн сан” өнөөдрийг хүртэл иргэд зээл өгч чадахгүй байгаа. Харин арилжааны банкууд иргэдэд 17-19 хувийн хүүтэй Ногоон зээл олгож байгаа. Нэг айл байшингаа дулаалж, цахилгаан халаагуур худалдан авах, хоёр тарифтай тоолуур, цахилгааны утас авахад 10 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Ингэж тооцвол иргэн 1Е сая төгрөг аваад  гурван жилийн хүүнд 6 сая төгрөг төлөх болно. Энэ бол маш өндөр хүү. Харин гадаад орнуудын Ногоон зээл маш бага хүүтэй байдаг. ХБНГУ л гэхэд жилд 1.7 хувийн хүүтэй байна. Тиймээс төр, засгаас ногоон зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай байна” гэв.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.