Монгол Улс 20 мянга гаруй хятад иргэнд хориг тавьжээ

Монгол Улс 20 мянга гаруй хятад иргэнд хориг тавьжээ

Монгол Улсад зорчдог гадаад иргэдийн асуудлыг зохицуулсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдаад долоон жилийн хугацаа өнгөрчээ. Цаг үе, даяаршлаа дагаад уг хуулийг одоо боловсронгуй болгох шаардлагатай болсныг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн онцлов. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд Монгол Улсаас албадан гаргасан гадаад иргэдийн тоо буурсан ч 20-30 мянган хятад иргэний Монгол Улсын хилээр давах эрхийг 10 хүртэлх жилээр хязгаарласан тухай онцоллоо.

Хүн амын гурван хувиас хэтрэхгүй гадаад иргэн Монголд түр оршин суух эрхтэй. Энэ дагуу өдгөө Монгол Улсад БНХАУ, БНАСАУ, ОХУ, Вьетнам улсын 93 мянган гадаад иргэн амьдарч байгаа аж. Харин улсын хилээр жилд дунджаар нэг сая гаруй гадаад иргэн орж, гардаг аж.

2016 онд 471.3 мянган иргэн хилээр орж ирсний 404 мянга нь жуулчид байжээ. БНХАУ, БНАСАУ, ОХУ-аас жуулчны визээр орж ирсэн иргэд хууль бусаар барилгын салбарт ажиллах нь ихэссэн байна. Гэхдээ Монголын зарим аж ахуйн нэгж, компаниуд гадаад иргэдийг зам, барилгын талбайдаа ажиллуулахаар эх орондоо авчирсан хойноо хууль зөрчиж, гадаад иргэдийн эрхэнд халдах тохиолдол нэмэгдсэн байна.

Визний журам зөрчиж, хараар хөдөлмөр эрхэлсэн иргэдийг Гадаадын иргэн, харьяатын газар Монгол Улсаас албадан гаргадаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд 649 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Тодруулбал, 2015 онд 18 орны 188 иргэнийг, 2016 онд 25 орны 313 иргэнийг тус тус албадан гаргасан байна. Харин 2017 оны эхний зургаан сард 148 гадаадын иргэнийг албадан гаргасан гэв. Монгол Улсаас албадан явуулсан иргэдийн 80 хувь нь аяллын визээр орж ирсэн байдаг ба хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэргээр зөрчил гаргажээ.

Уг мэдээллүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газраас өнөөдөр хамтран зохион байгуулсан ‘Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр онцоллоо.

Сүүлийн жилүүдэд албадан гаргасан гадаад иргэдийн тоо буурсныг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хэлэв. Түүний ярьснаар, гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гадаад иргэдийн Монгол Улсад зорчих хөдөлгөөн багасчээ. Мөн удаа дараа зөрчил гаргасан 20-30 мянган хятад иргэнийг Монгол Улсын хилээр давах эрхийг нь 10 жилээр хязгаарлаж, хориг тавьжээ.

БНХАУ-ын хилээр алхах монгол иргэдийн тоо жилд дунджаар 1.5 сая байдаг аж. Харин нэг жилд 13 мянган хятад иргэн Монгол Улсын хилээр орж ирдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны II нарийн бичгийн С.Заяа хэлэв. Энэ нь хоёр улсын хилийн орж, гардаг иргэдийн тооны хувьд монголынх хятадынхаас 10 дахин их аж.

Д.ПУНЦАГДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.