Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн  хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Цэцийн уг дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар танилцуулсан юм. Дээрх хоёр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ийм заалтыг хэзээ яагаад оруулсан, О.Баасанхүү Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж байгаа үед сонгуулийн тогтолцоо, хот, тосгоны эрх зүйн байдал, төрийн албаны тогтвортой байдал гэсэн цөөн хэдэн асуудлыг Үндсэн хуульдаа оруулах боломжтой эсэхийг тодруулж асуусан юм. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд урьд нь Улсын Их Хурлын тогтоолоор баталдаг байсан чуулганы хуралдааны дэгийг 2007 онд хууль болгож батлах үед ийм заалт орсон юм билээ гэсэн хариулт өгсөн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын тогтоолоор баталдаг байсан чуулганы хуралдааны дэгийг цэцийн дүгнэлтийн дагуу хууль болгож батлах үед намын бүлгүүдийн ажлын хэсгийг Э.Бат-Үүл бид хоёр ахалж ажилласан. Тэгээд урьд нь “14 хоног” гэж заасан байсныг өөрчилж “7 хоног” гэж шахаж өгсөн юм. Гэхдээ дутуу харсан тал гарсныг хүлээн зөвшөөрч байна гэдгийг хэллээ. Мөн тэрбээр монголчууд бүтэн жил Үндсэн хуулийн асуудлаар амьсгалж байна гэж хэлж болохоор байна. Орон даяар явагдсан хэлэлцүүлгийн явцад иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан 320 гаруй мянган санал ирүүлснийг нэгбүрчлэн бүртгэж архивын нэгж бүрдүүлэх ажлыг төрийн 150-иад албан хаагч тусгай хяналтын дор хоёр сар шахам хугацаанд хийж байна. Мөн улс төрийн намын хариуцлага, санхүүжилт, төлөвшилт, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, төрийн институци хоорондын харилцааны асуудал гээд төсөлд тусгагдаагүй асуудлуудыг хөндсөн саналууд ч их ирж байгаа. Энэ бүх саналыг нэгтгэж ангилсны дараа Ажлын хэсэг төслийн томьёоллыг боловсруулж өргөн барих бодолтой байгаа, дараа нь Улсын Их Хурлаас томоохон ажлын хэсэг гарч ажиллах байх гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн 75.5 хувийн саналаар баталлаа.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж хэлэлцүүлэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөв.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуультай холбогдох төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Мөн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолд “Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдэх нөхцөл байдал үүсэх тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үед дахин авч үзэж, холбогдох өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасны дагуу холбогдох өөрчлөлтийг хуульд оруулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.

ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 2-ны өдрийн хооронд ажлын хэсгийн түвшинд хийсэн. ОУВС-ийн ажлын хэсгийн зүгээс хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан болохыг мэдэгдсэн. Түүнчлэн хөтөлбөрийн 2 дахь шатны үнэлгээг ОУВС-ийн зүгээс ирж хийсэн бөгөөд уг үнэлгээний хүрээнд Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор дунд хугацааны макро эдийн засгийн тооцоолол, төсвийн орлого, зарлагын төсөөлөл зэрэг үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөр байна. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа аж.

Иймээс дээрх зарчмын дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,420.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -8.0 хувьтай байхаар байгааг Сангийн сайд илтгэлдээ дурдлаа.

Харин уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын ИХ Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж дэмжсэн.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва нар асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засгийн өсөлтөд анхаарч өрийн хэмжээг аль болох бага байлгахад чиглэсэн зохицуулалтыг төсөөлөлд тусгасан. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш урд хөрш рүү гарч байгаа нүүрсний хэмжээ буурсан, урт дараалал үүссэн нөхцөл байдлыг харгалзан төсвийн тооцооллыг илүү бодитой болгох үүднээс энэ онд 32 сая тонн нүүрс гаргахаар тусгасан байсныг ирэх онд бууруулж 28 сая тонныг гаргахаар тусгасан. Энэ чиглэлээр Засгийн газар бүхий л арга замыг эрэлхийлж, сайн ажиллах шаардлага тулгарч байгаа.

Ирэх оны төсвийг алдагдалтай байхаар тооцож оруулж ирсэн. Гэхдээ төсвийн алдагдал ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувь, 2019 онд 6 хувиас хэтрэхгүй байхаар төсөөлж байгаа. Төсвийн алдагдлыг ийм замаар үе шаттайгаар аажмаар бууруулах зарчим барьж ажиллана. Мөн өрийн хэмжээг бууруулах нь төсвийн гол зорилго учраас өрийг шат дараатай буулгахаар төсөөлөлд тусгасан гэдгийг хэллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Төсвийн хуулийг дагалдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ирэх оны улсын төсөв, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн сангийн төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан нийт 15 хууль, Улсын Их Хурлын хоёр тогтоолд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Мөн эдгээр хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ.

Харин Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “2018 оны” гэснийг “2019 оны” гэж өөрчлөх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дугаар зүйл, 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар, нэгж нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагын доор үйл ажиллагаа явуулна”, “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэсэн агуулгатай “Эрүүл мэндийн даатгалын байгууллага, түүний удирдлага” гэсэн 151 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 15 дахь заалтад “- эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалт” гэж тус тус нэмэх, ”Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсэгт “18.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэж нэмэх, мөн хавсралтын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсгийн “9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар” гэснийг “9.Нийгмийн даатгалын ерөнхий газар” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, М.Билэгт, Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва, Ж.Батзандан нар Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүдээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат, Ч.Улаан, Г.Тэмүүлэн, М.Билэгт нар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

+ There are no comments

Add yours