“ЧАДАМЖГҮЙ САЙДТАЙ АЖИЛЛАМААРГҮЙ БАЙНА’

УИХ-ын баасан гаригийн нэгдсэн хуралдаан 63,5 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар хуулийн төсөл хэлэлцэхийн өмнө гишүүдээс санал авав. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “төсөв ярих гэж байхад чадамжгүй сайдтай байна. Хэлэлцэх асуудалдаа Ерөнхийлөгчийн хоригийг нэмээч дээ. Танай бүлэг саналаа нэгтгэж чадаагүй юм уу. Ямар асуудал байна вэ” гэв.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:

-Дэгийн дагуу Хууль зүй, Төсвийн байнгын хороо хуралдаж байж Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжтой болно. Төсвийн байнгын хороо сая хуралдах гэсэн боловч ирц хүрсэнгүй. Тиймээс өнөөдөр хэлэлцэх асуудалд оруулах боломжгүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Төсвийн байнгын хорооны дарга чинь Ч.Хүрэлбаатар шүү дээ. Өөрийнхөө байнгын хороогоор өөрийнхөө асуудлыг хэлэлцэх юм уу.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:

-Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон цагаас эхлэн тус байнгын хороог Д.Тогтохсүрэн гишүүн даргалж байгаа.

Ийнхүү УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд санал авч дуусав. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан дуусгаж амжаагүй. Иймээс чуулганаар дээрх саналын томъёоллоор үргэлжлүүлэн санал хурааж эхэллээ. Сануулахад дээрх хуулийн төсөлтэй холбоотой 88 зарчмын зөрүүтэй санал байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганаар 35 саналыг хураасан юм.

+ There are no comments

Add yours