Нас барсан хоригдлуудад тусламж үзүүлж байсан эсэхийг шалгажээ

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Нийслэлийн ерөнхий прокурор, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу “Хорих ял эдэлж байгаад өвчний учир нас барсан хоригдлуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлж байсан эсэхийг шалгасан” дүнгийн хурлыг тус прокурорын газарт зохион байгуулжээ.

Шалгалтын дүнгийн хуралд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат, тус хэлтсийн хяналтын прокурор Т.Мөнхбаяр, Н.Найгалдорж, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай, тус прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга У.Золжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Батсайхан, Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Батсайхан, Хорих 401 дүгээр анги, Хорихын Нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Б.Амардорж, ерөнхий эмч, дэд хурандаа Я.Оюунчимэг, эмчилгээ эрхэлсэн орлогч, хошууч С.Баянбаатар болон хяналтын харьяа хорих ангиудын дарга, эмнэлгийн албаны эмч, ажилтнууд оролцсон байна.

Хуралд хорих ял эдэлж байгаад өвчний учир нас барсан шалтгаан нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлж байсан эсэхийг шалгаж гаргасан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг танилцуулсаны эцэст, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат дээрх шалгалтыг орон нутгийн харьяа хорих анги, эмнэлгийн албадуудад хийх, мөн илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт прокурорын шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

+ There are no comments

Add yours