Ж.ДАШДАВАА: Дотоодын цэргийг байгуулах нь зүй ёсны хэрэг

Монгол Улсын Их хурлаас Дотоодын цэргийн тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр баталж, 2017 оны есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Ийнхүү 90 гаруй жилийн түүхтэй Дотоодын цэргийг дахин байгуулж, “Дотоодын цэргийн тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авч, Дотоодын цэргийн байлдааны тугийг залах ёслолын өмнө хошууч генерал Ж.Дашдаваатай ярилцлаа.

-Та бол Хилийн болон Дотоодын цэргийн түүхэн гэрчүүдийн нэг. Дотоод цэрэг анх байгуулагдаж байсан түүхэн цаг үеийг эргэн дурсаж бидэнд хуучилна уу?

-Би Дотоодын цэргээс гаралтай хүн. 1959 онд Тусгай хороонд цэрэг ирээд л дарга болтлоо 22 жил ажилласан. Манай Тусгай хороо Хилийн болоод Дотоодын цэргийн ууган хороо, хувьсгалтай чацуу шахам байгууллага шүү дээ. Тусгай хорооныхон нам, засгийн удирдлага, улсын онц чухал объектыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байсан. Хилийн болон Дотоодын цэргийн асуудлыг хариуцдаг хоёр удирдлагатай. НАХЯ-ны гуравдугаар газар хамгаалалтын ажлыг явуулдаг. Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн харьяаны хүмүүсийг хамгаалах, гаднаас ирсэн зочин төлөөлөгчдийн хамгаалалтыг зохион байгуулах, улсын онц чухал объектыг хамгаалах зэрэг үүргийг цагийн нөхцөл байдалд тохируулан гүйцэтгэдэг байлаа. 1990 онд Дотоодын цэрэг бие дааж бий болсон. Манай улсад 1990 оны гуравдугаар сараас цагийн байдал өөрчлөгдөж, ЗХУ-д өөрчлөн зохион байгуулалт хийгдээд социалист системийн улсууд биеэ даах, салах юм болсон. Тэр үед манайд Дотоодын цэрэг байх шаардлагатай юм байна гэдэг яриа яригдаж эхэлсэн. Манай Хилийн ба Дотоодын цэргийн Удирдах газрын дарга Ш.Арвай генерал, НАХЯ-ны сайд А.Жамсранжав генерал байсан. Нэг өдөр Хилийн цэргийн удирдлагууд цуглаж ярилцаад Дотоодын цэргийг Цагдаад өгье гэдэг дээр санал нэгдсэн. Энэ асуудал яамны түвшинд дэмжигдэж, хэлтсийн даргаар Жанчив хурандаагийн хүү Гантөмөрийг олны саналаар томилж байсан даа. Ийнхүү туурга тусгаар болсон Дотоодын цэрэг цааш өргөжин хөгжиж анги, хороод байгуулагдсан юм. Тэгтэл хэдэн жилийн өмнө татан буулгаад, бутаргачихсан.

-Дотоодын цэргийг бие даалган, Цагдаад харьяалуулах тухай асуудлыг хэлэлцэж байх үед та ямар ажил эрхэлж байсан юм бол ?

Би 1980 онд Хилийн цэргийн удирдах газарт томилогдон ажиллаад, 1983 онд хошууч генерал болсон. Монгол Улсын 78 дахь генерал цолтон болж байлаа. 1990 оны гуравдугаар сард би Монгол-Зөвлөлтийн хилийг шалгах Засгийн газрын комиссын дарга байсан. Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлах, суулт хийх асуудал, ард түмний дунд үүссэн сэтгэл санааны янз бүрийн өөрчлөлтүүд бий болж байсан үе. Тиймээс цагдаагийн байгууллагыг жаахан өргөжүүлэх, хүч нэмэгдүүлэх шаардлага гарсан болоод шат, шатанд хэлэлцэж шийдвэрийг түргэн гаргасан байх. Намайг нэг сар гаруйн хугацаанд хилийн шалгалтаар яваад ирэхэд ерөнхийдөө шийдэгдсэн байсан.

-Ер нь манай улсад Дотоодын цэрэг байх хэрэгтэй юу. Иргэд, мэргэжлийн хүмүүсийн санаа, бодол зөрүүтэй байх юм. Ач холбогдол, үр дүнгийн талаар хуучилна уу?

-Дотоодын цэрэг байх нь зүй ёсны асуудал. Цэрэг бол байнгын бэлэн байдалд байдаг. Гагцхүү эх орны төлөө өргөсөн тангараг, гүйцэтгэж байгаа үүргийнхээ төлөө зохион байгуулагдсан. Улс орны аюулгүй байдал чухал үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын алба хаагчдад гэр орон, ард талд нь татлаа чангаа бий шүү дээ, амьдрал дээр. Тиймээс цагдаад байнгын хүч хэрэгтэй.

-Та шинэчлэн батлагдсан хуульд хэр анхаарал хандуулсан бэ. Дотоодын цэргийг дахин байгуулж байгааг хэрхэн харж байна вэ?

-Би цэргийн байгууллагаасаа хөндийрөөд 30-аад жил болж. Дотоодын цэргийн бие даасан хууль гарч, дахин байгуулах ажлыг зүйтэй гэж боддог. Тусгай хорооныхоо ахмадын зөвлөлд байдаг хэдэн хөгшчүүлтэйгээ саяхан уулзаад энэ тухай ярилцсан. Тэд их л баяртай байсан, би  ч ялгаагүй байх ёстой зүйл, сайхан үйл явдал гэж харж байгаа даа.

+ There are no comments

Add yours