Япон улсын элчин сайдыг хүлээн авч уулзжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг өчигдөр  хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын “гуравдагч хөрш”, нийтлэг үнэт зүйлс бүхий стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглээд Гадаад харилцааны сайдын хувиар энэхүү харилцаанд ач холбогдол өгч ажиллахаа онцлов.

Элчин сайд М.Такаока Гадаад харилцааны сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан Сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж, энэ жил тохиож буй Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд манай УИХ-ын дарга М.Энхболд, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нар харилцан айлчилсан нь харилцааны түүхэнд чухал үйл явдал болсныг онцлов.

Түүнчлэн талууд олон улс, бүс нутаг дахь харилцан сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

+ There are no comments

Add yours