Хүн дүрст чөтгөрөөс ирээдүйгээ хамгаалья

Хүний энэхэн орчлонд хайрлуулах гэж ирсэн балчир үрс догшин араатнаас ч долоон дор адгийн чөтгөрөөс болж хэзээ ч мартахааргүй сэтгэлийн шархтай болж, сэтгэл санаа, биеэрээ хохирсоор л  байх уу. Тэднийг хамгаалах ёстой байгууллагууд албан тушаалд амаа үдүүлж, төлбөрөө төлөөгүй бол эрхээ хамгаалуулах үйлчилгээг авч чадахгүй, хүйтэн шалан дээр уйлаад л суудгийн жишээг холоос хайх хэрэг алга. Иргэддээ төрөө төлөөлөн төрийн үйлчилгээ үзүүлэх учиртай шүүх эмнэлгийн байгууллага мөнгөгүй нэгнийг нь хэн ч байсан ямар  нөхцөлд байгааг  тоохгүйгээр хаалгаа хаадгийг өнгөрсөн өдрүүдэд бид харав.

Хойд эцэг нэртэй адгууст хүчирхийлүүлсэн таван настай охиныг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамгаалалтад оруулж.  Хохирогч охин алхаж чадахгүй байгаа бөгөөд сэтгэл санааны гүн хямралд орсон талаар эх сурвалж мэдэгдсэн. Харин энэ асуудалд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулга “Өнгөрсөн амралтын өдөр таван настай охин хүчирхийлэлд өртөж, манайд шинжилгээнд орсон. Энэ дагуу манай байгууллагын дотоод аудитыг шалгалтаар оруулж, бүх асуудлыг нарийн шалгаж тогтоохоор ажлын хэсэг гарган ажиллаж байна. Шинжилгээний хариу гараагүй. Нарийн лабораторийн шинжилгээ хийж байгаа. Энэ долоо хоногт багтаж гарна. Хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байна” гэсэн.

Тэрбээр мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр үйлчлүүлэгч үйлчилгээний төлбөр төлөх боломжгүй бол тухайн хорооны Засаг даргын тодорхойлолт авчирвал үнэгүй үзэх боломжтой гэв. Учир нь энэхүү амьдралаас тасарсан журмыг 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарч гаргасан тушаалаар баталгаажих бөгөөд Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журамлан баталсан гэнэ. Хамгийн гол нь манай улсад 16 нас хүрээгүй хүн Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй. Гэхдээ энэ эрх бусдад хүчирхийлүүлсэн, эсвэл амь нас эрүүл мэндээ алдсан нөхцөлд “үйлчлүүлдэг” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хэрэгждэггүй, огт хамаагүй гэнэ.

Ил ба далд аймшиг

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014 онд хийсэн “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд хамрагдсан охидын 15.0 хувь нь тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэжээ. Мөн 2015 онд Нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.

Хүүхдийн гэнэн итгэмтгий занг гэмт этгээдүүд ашигладаг байна. Түүнээс гадна бусад хүмүүст хэлэхээсээ айж ичиж нуух, хохирогчийг сүрдүүлж сэтгэл санааны дарамтанд оруулдагийн улмаас ийм хэргийг нуун дарагдуулдаг нь  тус гэмт хэргийг өөгшүүлэх үндэс болж байгаа нь харамсалтай.  Та хүүхдэдээ тавих анхааралаа дээд цэгтээ тавихгүй ийм хэргийн хохирогч болох магадлал өндөр байна.

Бодит явдал…

 …Бага насны охиноо сургуульд оруулахдаа дотуур байранд суулгасан ээж, нөхрийнхөө дагавар хүүтэй хамт оруулжээ. Харамсалтай нь дөнгөж сургуульд орсон жаахан охиныг хойд эцгийн дагавар хүү болох өсвөр насны банди 2-3 жил хүчирхийлсэн байжээ. Гурван жилийн турш хөөрхий охиныг хүчирхийлж байхад охины ээж, ангийн багш, дотуур байрны багш гэх мэтээр хэн ч мэдээгүй бөгөөд охин илт ном сурахгүй, бүрэг ичимхий, бүр сэтгэцийн өвчтэй болоход л анзаарч мэджээ. Үүнийг мэдээд цагдаад мэдэгдэж, хүүд эрүүгийн хэрэг үүсгэхэд хүүгийн аав болон хамаатнууд нь охины ээж рүү дайрч, “чиний хүүхдээс болж энэ хүүгийн ирээдүй ийм боллоо”, “сална” гэх зэргээр сүрдүүлсээр байгаад “гомдолгүй” гэсэн өргөдөл бичүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байна. Тухайн ээжийн хувьд нөхрөөсөө салвал амьдарч чадахгүй учраас сүрдүүлэг, ятгалганд орж хэргийг хааж өгөхийг хүссэн гэнэ…

Анхаар… Бага насны хүүхдэд тохиолдож байгаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд ихэвчлэн ураг төрлийн хүний халдлагад өртсөн байдаг бөгөөд хохирогч нэг болон заримдаа 2-4 хүний хүчирхийлэлд өртсөн,  хүүхдийн эрхийн асуудал ноцтой байдалд хүрч, удаан хугацааны турш далд хэлбэрээр бугшиж байдгийг судалгаа харуулдаг гэнэ.  Хүчирхийллийн давтамжийн хувьд 20 хүүхэд (57.1 хувь) анх удаа, 15 хүүхэд (42.8 хувь) давтан эсвэл удаан хугацааны туршид хүчирхийлэлд өртжээ. Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа бөгөөд нийт тохиолдлын 20 нь буюу 57.1 хувь нь ураг төрөл, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь танил, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь хөндлөнгийн хүн гэсэн судалгаа гарчээ. Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 21 тохиолдол буюу 60 хувь нь хохирогчийн гэрт, 6 тохиолдол буюу 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, 4 тохиолдол буюу 11.4 хувь нь айлд, 3 тохиолдол буюу 8.5 хувь нь тодорхойгүй, 1 тохиолдол буюу 2.8 хувь нь машинд үйлддэг гэсэн аймшигтай судалгааны дүн гарсан байна.

Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд нэг удаа өртөөд зогсохгүй байнгын бэлгийн дарамтад байх, улмаар өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх явдал гарсаар байна. Тухайлбал Монгол Улсад 2017 оны 1 дүгээр сарын байдлаар бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын нийт 226 тохиолдлын 12 тохиолдол нь 15-19 насны хүмүүс байна. Үүний 2 тохиолдол буюу 15 настай 2 хүүхэд 2016, 2017 онд тус тус бүртгэгдсэн байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд 12-17 насны 1613 эх төрсөн бол 20 хүртэлх насны 18168 охид, бүсгүйчүүд үр хөндүүлжээ.

С.Нямдорж

 

1 Comment

Add yours

+ Leave a Comment