С.Ганбаатарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаажээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалтад тус тус заасныг зөрчсөн тухай
• Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юу Ван Сү,
• Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо,
• Хөдөлмөрийн Үндэсний Нам,
• Орон Нутгын Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг,
• иргэн Б.Баасанжаргал нараас
гаргасан гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлсэн байна. Тус хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1485 дугаартай шийтгэвэр гаргажээ. Гэтэл уг шийтгэвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ганбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайхан Нийслэлийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Ингэснээр нийслэлийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 140 дугаартай магадлалаар нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1485 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд уг зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С. Өсөхбаяр уг зөрчлийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг гэрч оролцуулах тухай зөрчилд холбогдогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу нэг удаа хойшлуулсан. Харин өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр 14 хоногийн хугацаагаар завсарлуулсан болно. Ингэснээр тус хэргийн шүүх хурал 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшиллоо хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ.

+ There are no comments

Add yours