Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын Танхим“ ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран өнөөдөр “Нотариатчдын өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөг өнөөдөр 10:30-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм. Энэ үеэр иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна нотариатын хөнгөлөлтэй үйлчилгээ үзүүлэх аж.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын нэг өнөөдрийн өдөрлөг болж байна. Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон есөн дүүргийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн хамт олон оролцож, иргэдэд хууль зүйн болон өмгөөллийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна” хэмээв.

Өнөөдрийн арга хэмжээгээр нотариат болон иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүйгээр өгнө. Мөн нотариат буюу гэрчлэлтэй холбоотой асуудлаар тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээс гадна нотариаттай холбоотой санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авах боломжтой ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.