Гурван жилд 41 хүн нас барсан Нисэх-Яармагийн зам…

Мөрч

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн, Буян-Ухаа-1 хотхоны оршин суугч О хотхоны нийт оршин суугчдаа төлөөлөн нэгэн хүсэлтийг ирүүлсэн байна. Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Цэрэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөн, мөн дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, зохицуулагч цагдаа нарын хамтаар 16 дугаар хорооны нутагт ажиллалаа.

11.00 цагт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг Буян-Ухаа-1 хороололд очиход, тус хотхоны оршин суугчид, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөн, дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, зохицуулагч цагдаа нарын хамтаар ирсэн, уулзаж байлаа.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн, “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хэргийн газар” нэгдсэн арга хэмжээг санаачлан зохион байгуулж ажиллаж байна. Уг ажлын эхлэлийг бид дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ирүүлсэн 16 дугаар хорооны иргэн О-гийн мэдээллээр эхлүүлж байна. Манай нэгдсэн арга хэмжээний зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийг таслан зогсоох, гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай ажиллаж, аливаа асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх юм. Тиймээс энэ ажлын эхлэлээ иргэнээс ирүүлсэн хүсэлттэй газар дээр нь танилцах, шийдвэрлэх гарц боломжийг тогтоож ажиллахаар ирээд байна”  гэсэн.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн, Буят-Ухаа-1 хотхоны оршин суугчдын хувьд сүүлийн жилүүдэд Нисэх-Яармагийн зам дээр авто осол маш их гардаг болсон. Учир нь манай хотхоны баруун талаар тавигдсан зам маш их хөл хөдөлгөөнтэй. Ялангуяа хотхны урд хэсэгт байрлах МТ шатахуун түгээх станцаас хотхоны баруун талын замаар зорчих хэсэг газар огцом урууддаг учир ямар ч машин маш хурдтай орж ирдэг. Энэ хэсэг газарт нь хотхоны оршин суугчдын явган гарц, автобусны буудал байдаг учир хүмүүс гэрээсээ гарч ирээд, гэртээ орох гэж яваад машин дайруулдаг. Саяхан хүртэл 57 настай эрэгтэй, гэртээ орох гэж яваад машинд дайруулж амиа алдсан. Тиймээс бид ярилцаж байгаад нэг хүнээ төлөөлөл болгон дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ асуудалд анхаарал хандуулаачээ гэдэг хүсэлт гаргуулсан. Гэтэл бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, гарц хайхаар дүүргийн удирдлагууд ирсэнд баярлаж байна” гэсэн.

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Оюун-Эрдэнэ, “Замын хөдөлгөөн өөрөө дүрэмтэй, дүрэм байгаа юм чинь биелүүлэх ёстой. Дүрмийг биелүүлэх үүрэгтэй хүмүүс өөрсдөө дүрмээ зөрчөөд байна гэдэг өөрсдийн аюулгүй байдлаа алдагдуулж байна гэсэн үг. Хамгийн түрүүнд би энэ үгийг хэлмээр байна. Учир нь энэ хотхоны оршин суугчдын хувьд хотхоноос гарч ирээд 20 хүрэхгүй метр газарт байрлах гарцаар гарч хэвшээгүй. Хотхоны хаалга, автобусны буудлын харалдаа байрладаг учир гарцаар гарахаас илүү “харалдаа” гээд л шууд гүйчихдэг. Та бүхэн харж байгаа байх. Сая бид энд яриад зогсож байхад энэ хотхоноос гарч ирж байгаа хүмүүсээс тэр дор харагдаж байгаа гарцаар гарч байгаа хүн байхгүй, бүгдээрээ л шууд автобусны буудал руу гарцгүй газраар зам хөндлөн гарч байгааг. Ийм хайхрамжгүй, аюул ослыг тооцохгүй байгаа чинь иргэн хүн өөртөө аюултай байдал үүсгээд наад зах нь бэртэж гэмтэж, цаад зах нь амиа алдаад байна. Мэдээж, замын цагдаагийн газар, нийслэлийн автозамын газраас мэргэжлийн судалгаа хийж, холбогдох арга хэмжээг авч байна. Энэ үндсэн дээр өнөөдөр энэ зам дээр хурд сааруулагч тавихаар зүсэлт хийсэн байгаа. Ирэх ням гарагт тавигдчих байх” гэснээр уулзалт үргэлжилсэн юм.

Оршин суугчдын хувьд автозамын ослоос үүдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох асуудлаас сэргийлэх гол ажлыг хурд сааруулагч, автозамын камержуулалт гэдэгт санал нэгдэж байсан. Харин дүүргийн удирдлагуудын хувьд  асуудалтай газар дээр нь ирж танилцлаа, холбогдох арга хэмжээг яаралтай шийдвэрлэж, иргэдэд ээлтэй орчинг бий болгож ажиллах болно гэдгээ хэлсэн юм.

“Би энэ дэлгүүрийг ажиллуулдаг, энэ байрны оршин суугч. Энэ замд маш их осол гардаг. Хүмүүсээс санал аваад ажлаа эхлүүлсэн бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байсан. Замын цагдаагийн газраас зөвшөөрсөн газарт тавигдах хурд сааруулагч энэ зам дээр гараад байгаа ослыг бууруулах ажил болно гэдэгт итгэхгүй байна. Эхнээсээ энэ хотхоныг тойруулсан хашааг ямарч судалгаагүй хийсэн. Тухайлбал, явган хүний замгүй, авто замд хэт тулгаж хийхээс гадна, хамгийн харамсалтай нь явган зам, гудамжний гэрэлтүүлэг хийх боломжгүй болгож, туйпуугаар хашаалсан”  гэдэг гомдлыг автобусны буудлын дэлгүүрийн эзэн эмэгтэй өгүүлсэн бол  “Буянт-Ухаа дээд өргөө” СӨХ-ны дарга Д.Батсүх, “Гурван блокын 28 байранд хоёр СӨХ ажиллаж байна. Миний хувьд долоон байр хариуцдаг Буянт-Ухаа дээд өргөө гэдэг СӨХ-ны дарга байна. Харин 21 байрыг нь өөр СӨХ хариуцдаг. Энэ хашаа СӨХ хатгаагүй. Анх энэ хорооллыг босгосон ТОСК-оос хотхоны гадна талбайг хүрээлж ийм хашаа босгосон байдаг. Эдгээр орон сууцнууд ашиглалтад ороход л байсан хашаа. Тиймээс хашааны орц гарцыг өөрчлөх ажил СӨХ-ны хийх ажил биш. Тэгээд ч СӨХ-д тийм их хэмжээний хөрөнгө, санхүүжилт байхгүй” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Буянт-Ухаа-1 хотхон ашиглалтад орсоноос хойших гурван жилийн хугацаанд  зөвхөн Нисэх-Яармагийн замд 41 хүн зам тээврийн ослын улмаас нас барсан байдаг юм байна. Үүнд, 2014 онд  22,   2015 онд Нисэхийн замд хоёр, Яармагийн зам дээр 9 хүн, 2016 онд гурван хүн зам тээврийн осолд орж уг зам дээр нас барсан бол 2017 оны эхний есөн сарын байдлаар хоёр хүн нас бараад байгаа юм байна. Зөвхөн гуравхан жилийн дотор Нисэх-Яармагийн замд 41 хүн нас барна гэдэг дэндүү аймшигтай юм. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Оюун-Эрдэнэ, “Та яг одоо хурд сааруулагч тавь гэдэг шаардлага тавьж байна. Гэтэл хурд сааруулагчийг тавия гэснээр тавих боломжгүй. Учир нь Замын цагдаагийн албанаас Нийслэлийн авто замын газарт энд ийм газар хурд сааруулагч тавих шаардлагатай байна гэсэн судалгааг танилцуулж, саналаа өгнө. Нийслэлийн автозамын газраас төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, манайхаас өгсөн судалгаан дээр тулгуурлаж, тухайн газар хурд сааруулагч тавих эсэх асуудлыг шийдвэрлдэг. Цагдаагийн байгууллагын хувьд ийм стандартын дагуу, энд ийм хурд сааруулагч тавих шаардлагатай байна гэдэг санал л хүргүүлдэг. Бид энэ журмын дагуу ажиллаж, Нийслэлийн тээврийн газарт саналаа хүргүүлсэн. Ингэснээр явуулын хурд сааруулагч тавих зөвшөөрөл авсан байгаа. Маргааш, нөгөөдөртөө амжаад хурд сааруулагч тавигдчихна. Мэдээж, хурд сааруулагч тавиад асуудал шийдэгдэхгүй. Бид ажиглалт, судалгаагаа үргэлжлүүлнэ. Иргэд та бүхнээс ирүүлж байгаа санал, хүсэлтийг бас судална. Ингээд сая тавьсан газраа өөрчлөх үү, эсвэл энэ чигээр нь тавих уу гэдэг асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн иргэдэд тайлбарлаж байлаа.

Оршин суугч Д.Хуяг, “Сая замын цагдаа ч хэлж байна, дүүргийн Иргэдийн хурлын дарга ч хэллээ. Хорооллоос зам руу гардаг гарцыг нүүлгэх, хуучин гарцыг хааж, шинээр гарц гаргах ажлыг СӨХ хариуцах ёстой гэ сэн үгийг сонсоод маш их гайхлаа. СӨХ өөрийн үйлчилгээний зардлаа л хангаж ажиллаад явдаг. Яаж нийтийн эзэмшлийн зам талбайг засварлах хөрөнгө байх билээ. Хэдийгээр СӨХ иргэд, оршин суугчдынхаа эрхийг хамгаалж, тав тухыг хангаж ажиллах ёстой ч хөрөнгө санхүүгийн байдлаас болж ажиллаж чаддагүй юм билээ. Тиймээс энэ санхүүжилтыг дүүргээс гаргаж, иргэдийнхээ тав туххыг хангаасай гэж хүсч байна” гэсэн юм.

Харин СӨХ-ны даргаас “хуучин гарцыг хааж, шинэ гарцыг нээхэд хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа талаар та нарт хийсэн судалгаа байгаа юу?” гэсэн асуултыг тавихада “байхгүй. Бид ямар судалгаа хийдэг юм, бидэнд хамаа байхгүй” гэсэн учир “СӨХ-д нийтийн эзэмшлийн талбай хамаарагддаг. Тиймээс нийтийн эзэмшлийн талбайд байрласан замын хашлага, орц гарц танайд хамаарах л шаардлагатай болоод байх шиг байна?” хэмээн учирлахад хүрсэн. Гэвч, “мэдэхгүй, би энэ талаар юу ч мэдэхгүй. Ер нь хийчихсэн гарцыг хаах биш, харин энэ гарц болгож хийсэн байрууд руу ордог газарт гарцын тэмдэглэгээ хийж өгөөд, хурд сааруулагч байрлуулаад өг гэдэг шаардлага л бид тавьж байгаа. Манай байрны оршин суугч ч ингэж дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүсэлт гаргасан. Гэтэл замын цагдаагийн газраас өөрсдөө судалгаа хийсэн гээд иргэдээс ямар ч санал асуулгүй, хотхоны хаалгагүй газар гарц хийчихсэн. Хаа, хамаагүй газар аваачаад хийчихсэн газраар иргэд гарахгүй шүү дээ. Тэгээд ч яг автобусны буудлын хажууд хотхоноос гардаг хаалга байхад 10, 20 -метр газар алхаж гарцаар иргэд гарахгүй нь тодорхой” хэмээн ихэд бухимдаж байсан юм. Харин “өөрсдийн эрх ашиг амь насаа бодож байгаа бол 10 бүү хэл 100 метр алхаж болно биз дээ. 10-хан метр газар алхаад гарцаар гарахгүй, шууд зам хөндлөн гүйж, машинд дайруулж, эрэмдэг зэрэмдэг болох, цаашилбал, амь насаа алдаж байгаа бол хувь хүний зохион байгуулалтын асуудал болно биз дээ?” гэсэн асуултад “Чи харж бай. Ингээд зогсч байхад энэ хотхоноос гарч ирж байгаа хүмүүсийн хэд нь гарцаар гарч байна. Ганц ч гарахгүй, шууд л автобусны буудал руу, гарцгүй газраас зам хөндлөн гарч байга биз. Тиймээс хүмүүсийн гараад байгаа газар гарцын тэмдэглэгээ хийх ёстой” хэмээн зөрүүдэлж байв.

Харин “замын гарцын тэмдэглэгээг мэргэжлийн байгууллагын судалгаатай хийдэг. Тийм учраас иргэд албан ёсны гарцаар гарах ёстой. Мөн энэ хүмүүс гарч ирээд шууд замын голоор гүйгээд байгаа хаалга гаргасан газрыг хашаалах ёстой гэж замын цагдаа, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үзэж, шийдвэр гаргаснаар та бүхэнд танилцуулаад байгаа юм биш үү?” гэсэн асуултад “тэр шийдвэрийг чинь бид эсэргүүцэж байна. Гэрээс гарч ирээд л шууд автобусны буудал дээр ирж болоод байхад, заавал 10 метрийн хол гарц зурчихаад тэрүүгээр гар гээд байгаа нь утгагүй. Тиймээс хуучин гарцыг хэвээр байлгаад, харин МТ шатахуун түгээх газрын тэнд хурд сааруулагч тавьж өгөхийг шаардаж байна. Даанч цагдаа нар хүлээж авахгүй юм. Замын тэмдэг, тэмдэглэгээ, гарцыг нарийн стандарт, судалгааны үндсэн дээр тавьдаг. Мөн замын цагдаагийн газраас Нийслэлийн авто замын газарт судалгаа өгч, тэр судалгааны дагуу Нийслэлийн авто замын газраас тавих зөвшөөрөл өгөгдсөнөөр хөрөнгө, санхүүжилт шийдэгддэг гэж цагдаагийн зохицуулагч хэлж байгаа. Гэтэл оршин суугчид, жирийн иргэн бид ойлгохгүй. Тиймээс толгой эргүүлсэн юм ярьж байхаар, зүгээр л гарцны цагаан зураасаа  автобусны буудлаас хол биш буудлын харалдаа хотхоноос гардаг хаалга тушаа тавьчихвал л боллоо. Оршин суугчид тэрийг л шаардаад байгаа юм. Гэтэл замын цагдаа, дүүргээс автобусны буудлаас хол газар гарцны цагаан зураас зурчихаад, тэнд хотхоны хаалга хий гэдэг шаардлага тавиад байна. Ингэж болохгүй шүү дээ. Оршин суугчид хүлээж авахгүй” хэмээн ихэд зөрүүдэлж байлаа. Харин дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан “оршин суугчид амьд байх, амгалан тайван замаар гарахын тулд стандартын дагуу шаардаж байгаа шаардлагыг хангах ёстой. Та бүхний аюулгүй байдлын төлөө албаны хүмүүс ажиллаж, ийм шийдвэр гаргаж байна. Харин хариуцлага нэхэж чаддаг иргэд үүргээ ухамсарлаж, үүргээ биелүүлэх нь хамгийн чухал. Тиймээс та бүхний аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажлыг зөвөөр хүлээн авч, үүргэжүүлэх нь маш чухал” хэмээн тайлбарлаж байсан юм.

Х.Халиунаа

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл