НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай уулзаж, Гашуунсухайт – Ганцмод боомт дээр үүсээд буй Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж буй автомашины түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцов.

Манай улсын нүүрсний экспорт оны эхний хагаст нэлээд нэмэгдэж, салбар сэргэх хандлагатай болж ирсэн ч долдугаар сараас хойш нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомт дээр саатал, түгжрэл үүссэнээр экспортын үзүүлэлт саарч эхэллээ. 2017 оны үзүүлэлтээр, нүүрсний экспорт оргил үедээ хоёр улсын боомтоор өдөрт 1600 хүртэлх машин гарч байсан бол өнөөгийн түвшинд гурав дахин буурч, 450-500 машин гарч байгаа нь Гашуунсухайт боомт дээр нүүрс ачсан машины урт цуваа үүсээд байгааг Дэд сайд танилцуулаад дээрх асуудлыг шийдвэрлэхэд хоёр талаас авч болох арга хэмжээний талаар ноён Элчин сайдаас тодруулав.

Элчин сайд Шин Хаймин “Нүүрс ачсан машины дараалал 150-160 км хүрэх үе ч байсан. Ийм хүнд үеэ бодоход байдал харьцангуй ахицтай байна. Энэ асуудал хоёр үндсэн шалтгаантай. “Нэг талаас тээвэр хийж буй машины тоо сүүлийн саруудад огцом өссөн. Хоёрдугаарт, Монголын талын дэд бүтцийн хөгжил муу байгаа нь урт дараалал үүсэхэд шууд нөлөөлж байна. Үүнээс гадна 7 дугаар сараас хойш БНХАУ-д олон улсын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх” гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд болоод Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын даргын хувьд Д.Загджав нь 1 талаас төрийг, нөгөө талаас Монголын ард түмнийг төлөөлж байгаа тул дээрх асуудлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Элчин сайдад тавих зайлшгүй шаардлагатай байгаагаа Дэд сайд цохон тэмдэглэж, гаалийн шалгалтын хугацааг богиносгон, боомт дээрх татан авалтын хурдыг нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулж өгөхийг хүсэхэд уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.

+ There are no comments

Add yours